Баасанхүү.О 2017.04.21 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Шоронд шүүх хурал явуулдгийг хэзээ болиулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан.

Хэлэлцүүлгий үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү цэцийн дүгнэлтийг хэлэлцүүлэх журмыг шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Уг нь Байнгын хорооноос шоронд шүүх хурал хийхийг хориглосон. Нэгдүгээрт, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу шүүхийн шийдвэр биелүүлэхийн байр. Хоёрдугаарт, шүүх өөрөө нутаг дэвсгэрийн харъяаллаараа өөрийн гэсэн байртай. Гэтэл шоронд шүүх хурал хийсэн хэвээр. Дараа нь давж заалдах шатны шүүх хурлаа камерын өмнө суулгаж хийж байна.

Дээд шүүх дээр шүүх хуралд орохгүй байж болно гэдгийг цэц өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байна. Энэ зөв юм уу?

Өөрөөс нь илүү өөрийг нь мэдэх хүн байхгүй. Өгөөлөгч, прокурор ч тэр. Би цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хүн өөрийгөө өмгөөлөх нь байгалийн жам.

Шоронд шүүх хурлаа хэзээ болиулах вэ? Урьдчилан хорих төв гэм буруутай этгээд биш ч гэсэн хорих байгууллагын дэг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Шорон дотор байгаа хүн өөрөө сэтгэлзүйн хувьд айдастай, өөрийгөө гэм буруутай гэдгийг бараг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Шоронд шүүх хурал хийж байсан хэрэг цагаатна гэж бараг байдаггүй. Баримттай жишээнүүд бий. Бусад оронд шүүх хурлын шийдвэр гартал чөлөөтэй байдаг. Гэтэл манайх шүүх хурал эхлэхээс өмнө барьж хордог.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Шоронд хэрэг тасласан юм байхгүй. Байрных нь өргөтгөлийн 2 давхарт онгоц тохиолдолд шүүх хурал хийхээр тохироод цэвэр шүүхийн зориулалттай тохижуулалт хийсэн. Түүнийг л хэлж байх шиг байна. адилхан л байшин дотор тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм тэнд хэрэгжиж байгаа. Үүнийг сүржигнүүлж ярих шаардлагагүй.

Хүн чөлөөтэй байдаг гээд л яриад байх юм. Японд шүүх хуралд сууж үзэхэд жижиг танхайн хэрэг дээр гар хөлийг нь гинжлээд мэдүүлгийг аваад, гинжтэй нь буцаж гаргаад, 2 сарын дараа таслан шийдвэрлэх тогтоол гаргаж байсан. Хятад, Австрид бас үзэж байсан. Манайхтай ойролцоо л байдаг.

Цэцийн дүгнэлттэй холбоотой хэсэг нь анхан шатны шүүхэд шүүгдэгчийн биеэр заавал оролцуулна. Давж заалдахад хүсэлт гарвал оролцуулна. Хяналтын шатны шүүхэд прокурор, өмгөөлөгч 2-ыг оролцуулна гэдэг заалттай байгаа. 3 шатны шүүхийн ялгаа нь энэ. Бүх шатны шүүх хурлыг ижил дэгээр хийвэл ялгаагүй болно.

Гэтэл саяхан өмгөөлөгч ч үгүй шүүх хурал боллоо. Баасанхүү гишүүнийг өмгөөлөгч хийж байсан хүний хувьд юм дугарах болов уу гэж бодсон. Гэтэл тэр үед юу ч дугараагүй байж одоо ингэж ярьж болж байгаа юм уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Манай тойргийн иргэд надад хандсаны дагуу л би хуулийн хүрээнд асуудлыг ярьж байна. Тэр үед надад хавтаст хэргийн мэдээллүүд ирсэн бол би тань шиг байрь сууриа илэрхийлээд л явах байсан. Надад тэр мэдээлэл ирээгүй, Булганы тухай мэдээлэл ч ирээгүй.

УИХ-ын хуулийг албан тушаалаас үл харгалзан хүн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа би тогтоол гаргахгүй байсан нь зөв гэсэн байр суурьтай байна.