Дамба-Очир.Д 2017.04.21 | Сайт: Vip76.mn

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа
Иргэд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авав. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж танилцуулж, гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар хариуллаа.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг дагалдан ажиллуулах бол туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар заажээ. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хуульд “цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмж тусгалаа.

Цагийн ажилтан нь тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох юм.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээж байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид мөнгөн торгууль ногдуулахаар хуульд заажээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хуулийн төслийг дэмжиж байна. Намрын чуулган завсарлах үеэр иргэдтэй уулзахад энэ хуулийг дэмжиж байгаа хэлж байсан. Харин хууль зөрчсөн ажил олгогчийг 10 хүртэл сая төгрөгөөр торгох заалт хуулийн төсөлд оруулсан байна. Ямар үндэслэлээр торгуулийн хэмжээг нэмэх болов?

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нийт аж ахуй нэгжийн 50 хувь нь хаалгаа бариад байна. Гэтэл бид хувийн хэвшлийг торгоно, чангална гэж яриад байх юм. Хувийн хэвшлээ дэмжих, “чөмөг суулгах” тал дээр анхаармаар байдаг. Хувийн хэвшилд тооцох хариуцлагаа чангатгасаар байвал иргэдийн бизнес эрхлэх сонирхол улам буурна шүү дээ. Нөгөөтэйгүүр залуусын ажил, хөдөлмөрт хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг батлахаар санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 31 буюу 59,6 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төсөл батлагдлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд