Оюун-Эрдэнэ.Л 2017.04.21 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн төсөл ямар замыг туулж орж ирж байна вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Улсын Их Хурлын 2017 оны 4 сарын 21 ний чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн боловсруулалт, шүүлтүүр, анхаарал болгоомжлолгүй ирээдүйн төсөөлөлгүй, мэргэжлийн бусаар хандаж байна хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн үг үсэг, цэг таслал бүр амьдралын хэм хэмжээг зохицуулж, аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг гэж ойлгодог. Хууль тогтоох дээд байгууллага сонгогдоод багагүй хугацааг өнгөрлөө.

Гэхдээ хууль батлагдаж байгаа үйл явц өмнө нь яаж яваад ирсэн юм бүү мэд, ямар ч байсан өнөөдрийн хувьд надад айдастай, эргэлзээтэй сэтгэл хангалуун бус зүйл байна. Энэ бүх гарч байгаа хэм хэмжээг яг ямар мэргэжлийн шүүлтүүрээр шүүж байгаа нь ерөөс ойлгомжгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр шүүгддэг юм уу гэхлээр үгүй, зарим хууль нь өөр байнгын хороогоор дамжаад шүүгдэхгүй ороод ирэх юм. Хууль зүйн сайдаар дамжин яам дээр шүүгддэг юм уу гэхлээр тийм юм алга.

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗАРТ БҮХ ХУУЛИЙГ УНШДАГ БҮТЭЦ БАЙНА УУ ГЭХЛЭЭР БАС ҮГҮЙ.

Бусад улсад үндэсний аудитын газар нь бүх хууль дээр эдийн засгийн хувьд ямар байдаг юм ? энэ хууль хэрэгжих боломжтой юу? энэ хэм хэмжээг өөрчилснөөр ямар эерэг, сөрөг үр дагаварыг авчрах вэ? зэргийг аудит хийдэг. Манайд аудит төсөв, хууль аудитладаг чиг үүрэг байхгүй байна.

Бид оффшорын хууль гаргасан, Түүнчлэн өчигдөрхөн хуулиуд баталлаа. Ирээдүйд юу болох вэ? гэхлээр яг ингэнэ гэсэн мэргэжлийн төсөөлөл байхгүй мөртлөө баталж гаргачихаад, баталсныхаа ардаас ийм сөрөг үр дагавар гарч магадгүй гээд хууль тогтоогчид нь өөрсдөө маргаад байна.

Энийг анхаарч байхгүй бол жишээ нь байнгын хороо ирц тааруу байна. Хурууний хээгээр бүртгэдэг болгохгүй бол дөрөв тавуулаа сууж байгаад амьдралын хэм хэмжээг гаргаад байгаа юм. Мэргэжлийн биш байдалтай яваад байх шиг. Ерөнхийлөгчөөс орж ирж буй хуулийн төсөл ямар шүүлтүүрээр явах юм? гишүүдээс санаачлагдаж байгаа хуулийн төсөл ямар шүүлтүүрээр явах вэ гэдгийг бодохгүй бол болохгүй байна.

Д.Дамба-Очир гишүүнээс нэг зүйлийг тодруулая. Энэ хууль мэргэжлйин байгууллагууд, аудитын байгууллагуудтай хэрхэн уяалдсан бэ? Жижиг ч гэсэн хэм хэмжээнээс гарч буй өөрчлөлтөөс гарч болох эерэг сөрөг нөлөөллийг тооцсон уу?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn