2017.04.21

Ц.Даваасүрэн: УИХ-ын шийдвэрийг шүүх хэлэлцэж байхад бид таг дуугүй сууж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан.

Дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр:

"Хүн өөрийгөө өмгөөлөх асуудал бол чухал. Хэн ч ганц өмгөөлөгчдөө найдаад зүгээр суухгүй. Хүний эрхийг дээдэлдэг орон л юм бол энэ талаар бодолцох ёстой. Шүүгдэгч өөрөө л өргөдлөө гаргадаг. Тиймээс өөрийн өргөдлийн төлөө хүнээр дамжуулж тайлбар өгөх, өөрөө өгөх 2 асар хол зөрүүтэй байдаг.

Талийгч С.Зоригийн ах, эгч 2 нь итгэхгүй байна гэж хэлж байна лээ. Өөрийг нь оролцуулах битгий хэл гэрчийг нь ч оролцуулахгүй байна.

Ялангуяа С.Зоригийн үхэлтэй холбогдолтой асуудал УИХ онцгой бүрэн эрхээ эдлэх хэрэгтэй.

Аливаа асуудлыг татаж хэлэлцэх асуудал УИХ-д бий. Ард түмний хүлээлтийг УИХ төлөөлгийн байгууллагынхаа хувьд нэг тийш нь шийдвэрлэх ёстой. Үнэн, худлыг нь УИХ ард иргэддээ хэлэх хэрэгтэй. Гэтэл алийг нь ч оролцуулалгүйгээр дураараа хурал хийдэг болсон байна.

Сүүлдээ засаглал хоорондын хямрал болох гэж байна. Цэц УИХ-ынхаа хяналтын чиг үүргийг хүчингүй болгоод, сайдтай холбогдолтой асуудлыг байхгүй болгоод, сүүлдээ Эрдэнэтийн асуудлаар УИХ-ын шийдвэрийг шүүх авч хэлэлцдэг болсон байна.

Үндсэн хуулийн цэц Засгийн газрын шийдвэрийг авч хэлэлцэх ёстой болохоос хаа хамаагүй сум дүүргийн шүүгч УИХ-ын шийдвэрийг авч хэлэлцдэг болвол энэ засаглалын эрх байхгүй л гэсэн үг.

Ийм юм болж байхад УИХ байр сууриа илэрхийлж, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.

Сүүлийн үед олны гайхшруулж, итгэл алдруулсан зүйл их боллоо. Үймээн бужигнаан болох вий гэж болгоомжилж байна. Нөхөртөө хэлэлгүй 3 эмэгтэй жагссан байна шүү дээ.Энэ нь цаанаасаа зохион байгуулалтгүйгээр ард иргэд өөрийн итгэл үнэмшилээр юманд ханддаг болсныг харуулж байна.

Нэг том хэрэг гарахад л үймээн болоход бэлэн байна. Үүнийг зогсоох гол хүч нь бид шүү дээ.

Ард түмний эргэлзээг гаргаж, асуудлыг шийдэх ёстой. Хуульзүйн байнгын хороо бүр ч илүү идэвхтэй ажиллах ёстой. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байгаа боломж бүрийг бид ашиглах ёстой. УИХ-ын шийдвэрийг шүүх хэлэлцэж байхад бид таг дуугүй сууж болохгүй" гэсэн байр суурьтай байсан юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэний асуултад УИХ-ыг төлөөлж Үндсэн хуулийн цэцэд орсон УИХ-ын гишүүн Н.Учрал хариулт өглөө.

"Үндсэн хуулийн цэц дээр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн гэсэн энэ маргаан хянан шийдвэрлэгдээд үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Бидний ярьж байгаа зүйл 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй гэсэн заалт байгаа. Гэхдээ МУҮХ-ийн цэцийн хяналтын шатны шүүх хуралдааныг зохион байгуулах журам дээр өмгөөлөгчийг заавал оруулна гэсэн байдаг. Дээрээс нь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу энэ хяналтын шатны шүүх хурлыг явуулдаг. Нэг ёсондоо хохирогч, шүүгдэгчид бүх шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө төлөөлүүлж оролцох боломжтой"