Ард иргэдийн сонголтыг хүндэтгэхийг хүслээ
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ
2017.04.21

Ард иргэдийн сонголтыг хүндэтгэхийг хүслээ

Ардчилсан намын гишүүдээс нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн зарим сумдын Засаг дарга нарыг батламжлах тухай асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн юм. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Ардчилсан нам нийт 104 суманд ялалт байгуулсан байдаг. Гэтэл одоо хүртэл 12 сумын Засаг даргыг томилоогүй, 16 сумын Засаг даргыг хууль бусаар томилсон гэж үзэж байгаа бөгөөд ард иргэдийн сонголтыг хүндэтгэж, шударга ёс тогтоохыг хүсч байна.

Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, З.Нарантуяа нар Ерөнхий сайдад агуулга тавьсны үндсэн дээр өнөөдөр зөвшилцөлд хүрч байна. 

Тодруулбал, уулзалтаар ирэх 7 хоногт сум, дүүргийн Засаг нарыг батламжлах асуудлаар ажлын хэсэг байгуулж, асуудлыг нэг тийш болгохоор санал нэгдлээ. Харин ажлын хэсэг байгуулаад ч асуудал шийдэгдэхгүй бол орон нутгийн иргэдийн бухимдал, нэр дэвшигчдийн хоорондын тэмцэл улам ширүүсч мэдэхээр байгааг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд анхаарууллаа.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулж тавьсан асуулгынхаа хариуг чуулганы танхимд авч, хэлэлцэх хүсэлт тавьсан. Энэ хүрээнд асуудал цааш өрнөх төлөвтэй байна.