Баярсайхан.Ц 2017.04.21 | Хэвлэл мэдээллийн алба: Ерөнхийлөгч

“Бидний оролцоо-Улсын хөгжил” уралдааны тэргүүн байрын эздэд шагнал гардуулав

“Бидний оролцоо-Улсын хөгжил” уралдааны тэргүүн байрын эздэд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид, төслийн ажилтнууд, эссе бичлэгийн уралдаанд оролцогчдын төлөөлөл оролцов.

 “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгоход чиглэсэн юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж чаддаг гэж үзсэн байна.

“БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг өсвөр нас, залуучууд, бусад насны түвшинд төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт яаж оролцох,  тодорхой хууль тогтоомжийн эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Иргэдийн оролцоо” төсөл хэрэгжүүлж байна. Иргэдийн оролцоог улс төрийн хүрээнд нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан боловч УИХ төслийг буцаасан. Цаашдаа иргэд төрийн хэрэгт шууд оролцох эрх зүйн орчин, улс төрийн эрхийг нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэж бодож байгаа.

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг цаашид УИХ-д оруулж иргэдийн улс төрийн шууд эрхийг хэрэгжүүлэх тогтолцоог бид бүрдүүлэх ёстой юм.

Төлөөллийн зарчим гэдэг бол орон нутгийн Иргэдийн Хурал, аймгийн Иргэдийн Хурал, УИХ-ын гишүүдээ сонгоод, тэднээрээ дамжуулж төрийн эрх барьдаг тогтолцоо өнөөдөр явж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн нэг гол зарчим болсон иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд боловсруулсан хууль цаашдаа Монгол Улсын хөрсөн дээр амьдрах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг зарласан. Уралдааны гол зарчим бол янз бүрийн насны иргэдийг улс төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд яаж оролцуулах вэ, тодорхой хууль тогтоомжийн эрхүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, иргэдийн оролцоог хэрхэн сурталчилж, идэвхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн юм.

Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явцад иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж шат болгонд гарч буй шийдвэрүүдэд иргэдийн оролцоо ямар байх вэ гэсэн шаардлагыг хангахад гол нь чиглэж байгаа.

Уралдааны шалгаруулалтад нийт 155 эссе ирснээс 25-аас дээш буюу бусад насны ангилалд иргэд маш идэвхтэй оролцож 80 эссе ирүүлсэн байна.

Эссе бичлэгийг 5 ангиллаар шалгаруулж, насны 3 ангиллаар тэргүүн байр эзэлсэн хүмүүст шагнал гардуулж байна. Уралдаанд идэвхтэй оролцож тэргүүн байр эзэлсэн та бүгдэд баяр хүргэе” гэлээ.