Оюунхорол.Д 2017.04.21 | Сайт: Vip76.mn

Байгаль хамгаалах нөхөрлөлүүд 3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж байна

Байгаль хамгаалах нөхөрлөлүүд 3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж байна
Байгалиа хамгаалъя

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган Төрийн ордны их танхимд нээлтээ хийлээ.

Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид ирж, тулгамдсан асуудал хийгээд өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилтынхаа талаар төр, засгийн удирдлагуудад танилцуулж байна. Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол үг хэлсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол

Тэрээр үгийнхээ эхэнд чуулганыг зорин ирсэн нийт зочид, төлөөлөгчид болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо, олон улсын байгууллагын түншүүддээ БОАЖЯ-ны нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийллээ.

2015 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд хэмжээний чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, байгалийн нөөцийн хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг 17 үндсэн зорилготойгоор батлан гаргасан.

Энэхүү хөтөлбөрт эх газрын экосистемийг хамгаалах талаар тодорхой зорилт тусгасан байдаг. Тодруулбал, нутгийн уугуул иргэдийн тогтвортой амьжиргаа, бизнес эрхлэлтийг дэмжих замаар байгаль орчныг хамгаалахыг зорьж байна.  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө байгаль хамгаалах чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр тусгасан. Үүнд,

- Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах

- Нөхөн сэргээх ажилд нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх

- Орон нутагт ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгоно.

Өнөөдрийн үндэсний чуулганы үндсэн зорилго бол Монгол Улсад байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл үүсэн байгуулагдсанаас хойш ололт, амжилт, сургамжийг дүгнэж, туршлага, мэдээлэл солилцохоос гадна нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллагч талууд болон нөхөрлөлүүдийн өөрсдийнх нь саналыг сонсох явдал юм. 

Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлсэн байна.

1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан. Тэгвэл өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж, Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах ариун үйлсэд төрийн болон ТББ-тай мөр зэрэгцэн ажиллаж байна.

Ойн салбарыг авч үзэхэд улсад бүртгэлтэй 1,629 нөхөрлөл 3 сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байна.

Монголын байгаль хамгаалах нөхөрлөлийн өнөөгийн хөгжилд олон улсын байгууллагын техникийн туслалцаа, санхүүжилт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Мөн өнөөдрийн чуулганд ирсэн тэргүүний нөхөрлөлүүд, орон нутгийн удирдлагуудын байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэх ёстой. 

Цаашид нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах механизм бүрдүүлж, нөхөрлөлийг институцийн хувьд чадавхжуулах асуудалд анхаарах болно.