2017.04.20

“Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа болов

 “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдааны нээлт Сүхбаатарын талбайд боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо болон үйл ажиллагааг ивээн тэтгэсэн олон улсын байгууллагууд, төслүүдийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.

Энэхүү үзэсгэлэн худалдаагаар бид нөхөрлөлүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилахаас гадна, харилцан бие биенээсээ суралцах, туршлагаа солицох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нь олгож байгаа юм. Мөн нийслэлчүүддээ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж, борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх үүд хаалгийг нь нээж байгаадаа баяртай байна” хэмээлээ.