Бат-Эрдэнэ.Б Энхбаяр.Ж 2017.04.21 | Телевиз: МОНГОЛ TV

Хариуцлага...

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.

Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан. Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна.

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн.