О.Баасанхүү: Хүний олон хүнээ барьж иддэггүй юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.24

О.Баасанхүү: Хүний олон хүнээ барьж иддэггүй юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд УИХ-ын Тамгын Газраас албан өрөөгөө султгах шаардлага өнөөдөр ирүүлжээ. 

Шаардлагад энэ сарын 25-ны дотор гэж хугацаа заасан учир УИХ-ын даргын өрөөний үүдэнд өнөөдөр сандал ширээгээ авчирч төвхнөжээ. Тэрбээр Ардчилсан Намын даргыг өрөөтэй болгохын тулд ганц гишүүнийг гадуурхаж байгаад эгдүүцэж байна гэдгээ илэрхийллээ. Түүний өрөөнд Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг оруулах гэж байгаа аж. 

О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийн бага хурал хийж болохгүй гэсэн учир тэрбээр чуулганы танхимийн үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

О.Баасанхүү: “Өнөө өглөө УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон гэгч хүн дөрөвдүгээр сарын 25-ны дотор өрөөгөө сулла гэсэн албан бичиг явуулсан байна.

Шалтгааныг нь УИХ-ын дарга юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл Ардчилсан намын даргыг өрөөтэй болгомоор байна гэсэн. Үүнд өрөөний маргаан байгаа юм биш. Надад коридор байсан ч болно.

Монголын иргэд эмнэлгийн коридорт хэвтээд болоод байгаа. Ийм байгаа үед надад том, тансаг, янз бүрийн өрөө хэрэггүй.

Хамгийн гол нь өглөө ажилдаа ирэхэд зориуд тулгаж, ажлыг маань хэвийн явуулахгүй байгаа учраас энэ сайхан том талбайд суугаад ажлаа хийвэл яасан юм бэ гэдэг асуудал тавьж байна. 

Өнгөрсөн долоо хоногт болон чуулганы явцад ямар асуудал гарч байгааг та бүхэн харж байгаа. Миний бие нэлээн чухал асуудлуудыг хөндөн тавьж байгаа. Тухайлбал Хөрөнгө оруулалтын банк буюу гадаадын хөрөнгө оруулалттай Хятадын банк орж ирэх асуудал дээр сөрөг байр суурьтай байсан.
Гадны компани банк байгуулж болно. Гэхдээ мега төсөл гэж нэрлээд байгаа төмөр зам, Таван толгойг чинь барьцаалах гээд байна гэсний төлөө Төсвийн байнгын хорооны Ч.Хүрэлбаатар миний нэр төрд халдсан.  Дараа нь Л.Энх-Амгалан бас миний нэр төрд халдаж гүтгэсэн. Сүүлд нь Ц.Нямдорж гуай хүртэл намайг гүтгэсэн. 

Энэ бүгдийг хөндлөнгөөс нь харвал жирийн нэг асуудал юм шиг харагдавч Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон, ганц гишүүнийг яаж ч болно, энэ хүнийг байхгүй болгочихвол бүхэл бүтэн гурав дахь хүчнийг байхгүй болгох бололцоотой гэсэн байдлаар гүтгэх, дарамтлах, нэр төрийг нь унагаах нөхцөл байдлууд хэрээс хэтэрч байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Сүүлийн үед намайг МАХН-аас гарах гэж байгаа гэсэн асуудлаар их ярьсан байна лээ. Тийм юм байхгүй. Би хуульч хүн. Хэн нэгэн улс төрчийн явуулгаар, О.Баасанхүү гишүүнийг яаж ч болно гэсэн байдлаар хүн гүтгэх юм бол харамсалтай нь цаад хүн нь үлдээд наад хүн нь хуулийн хариуцлага үүрчих вий. Би үнэн мөнөө тогтоолгохын төлөө явна.  Яагаад гэвэл 114 мянган МАХН-ын дэмжигчид, миний 100 мянган сонгогчид байгаа.

Хүний олон хүнээ барьж иддэггүй юм. Ялангуяа АН, МАХН-ыг хооронд нь муухай харагдуулахын тулд МАН-ын хийж байгаа явуулга гэж би ойлгож байна. Тийм учраас би гурван өрөөтэй МАН-ын бүлгийн даргын өрөөнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх байх. Яагаад болохгүй гэж” гэв. 

-Та зааж өгсөн өрөөнд нь яагаад суучихаж болохгүй байгаа юм бэ?

-Надад зааж өгсөн өрөө байхгүй. Бичиг нь энэ байна. 

-Ямар нэгэн өрөөнд оруулах л байх л даа?

-Оруулбал оруулна л биз. Миний хамгийн эгдүүцээд байгаа юм Ардчилсан намын даргыг өрөөтэй болгохын тулд таныг хөөж байна гэдэг нь таалагдахгүй байна. 65-уулаа сууж байж ганцхан гишүүнийг гадуурхаж байгаа нь таалагдахгүй байна. 

Надад өрөө зааж өгсөн бол хамаа алга.