Ундраа.А Оюунчимэг.М 2017.04.24 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо

Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2017.04.24) Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо.

Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт  хамрагдсан юм.

Олборлох салбарын өнөөгийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр мэдээлэл солилцох зорилго бүхий уулзалтад Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жагер, АНУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт болон Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх “СЕСМИМ” төслийн төлөөлөгчид зэрэг хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан Ц.Гарамжав нарын гишүүд УИХ-д Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллаж байгааг дуулгав.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жагер, Женнифер Зимдал Галт нар УИХ-д бүлэг байгуулагдан, танилцах аяллаар судалж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархахын зэрэгцээ Монгол Улсад давтаж болохгүй ямар алдааг аяллын үеэр олж харсан талаар нь асуусан. Аялалд оролцсон УИХ-ын гишүүд болон салбарын яамны мэргэжилтнүүд “Хэрэгжихэд бэрхшээлтэй хууль батлан гаргахгүйн тулд маш сайн анхаарч, бодлогын арга хэмжээ авах, мөн уул уурхайн үйл ажиллагаанаас олсон орлогоос нөхөн сэргээлтийн сан бий болгож, дараа нь сан дахь мөнгийг нөхөн сэргээлтэд зарцуулах хууль санаачлах бодолтой байгаа талаараа хариулж, харилцан санал солилцов.  

Түүнчлэн, Канад улсад судалсан Эрх зүйн  орчныг сайжруулах шилдэг туршлага болон АНУ-ын Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хэлэлцэж, Монголд хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

Төгсгөлд нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, Эд Жагер нар Олборлох салбарын эрх зүйн орчны асуудлуудыг шийдвэрлэх асуудлаар цаашид хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахаа тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.