Орлого багатай нь ч “шүхэр” барьж болох нь
2017.04.19

Орлого багатай нь ч “шүхэр” барьж болох нь

Хөгжиж буй болон хөгжсөн орнуудын даатгалын салбарын нэвтрэлт хэмээх үзүүлэлтийг Азийн хөгжлийн банкнаас гаргадаг. Үүнийг салбарын орлогыг ДНБ-д нь харьцуулан тооцдог юм. Хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт өнгөрсөн онд дунджаар 2.9, дэлхийд 6.9 хувь байжээ. Харин манайд ердөө 0.5 хувьтай байгаа юм.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны эцэст 208 тэрбум төгрөгт хүрч, жилийн өмнөх үеэс 20 орчим хувиар өсчээ. Даатгалын нэвтрэлт, нягтрал зэрэг гол үзүүлэлт нь олон улсын дунджаас бага байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд төдийлөн сайжирсангүй. Мөн өнгөрсөн оны байдлаар энэ салбар ДНБ-ий 0.8 хувийг эзэлж байна.

Олуулаа нийлэн сан байгуулж, хэн нэгэнд нь хохирол учирвал нөхөн төлөх нь даатгалын үндсэн зарчим. Гэр бүлийн хоёр дундаа нэг шүхэр авч, ээлжлэн хэрэглэж байгаатай л адилхан юм. Борооны, цасны, нарны гээд шүхэр олширч буй адил санхүүгийн систем хөгжихийн хэрээр даатгалын төрөл нэмэгдэж, илүү нарийн болж байна. Гэхдээ ердийн болон урт хугацааны гэсэн үндсэн хоёр л ангилал бий.

Одоогийн байдлаар ердийн 15, урт хугацааны нэг, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Санхүүгийн зохицуулах хорооноос авсан нэг компани байна. Мөн ердийн 16, урт хугацааны даатгалын зургаан хэлбэрийг бүртгэжээ. Тиймээс ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд даатгалын хэлбэрт хамаарах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг СЗХ-ноос зөвшөөрөл авч, гаргах боломжтой гэнэ. СЗХ-ны Даатгалын газрын захирал М.Өлзийбат “Шинэ бүтээгдэхүүн гаргах болсон үндэслэл, эрсдэл, хүртээмжтэй байдал зэргийг нь тооцож, аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог” хэмээн ярилаа.

Даатгал нь зөвхөн өндөр орлоготой иргэдэд зориулсан, үнэтэй үйлчилгээ биш болсон. Аж ахуйн нэгжүүд бага, дунд орлоготой иргэд худалдан авах б о ломжтой, хямд үнэтэй, хүртээмжтэй даатгалыг сүүлийн үед нэвтрүүлж байна. “Монгол даатгал”, “Монре даатгал”, “Улаанбаатар хотын даатгал” зэрэг компани гэр, хашаа, байшин, тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнээ СЗХ-нд бүртгүүлж, бага хураамж төлөн хялбархан даатгуулах үйлчилгээг иргэдэд санал болгож байгаа аж.

Тухайлбал, орон сууцны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлэх “Хаан даатгал” компанийн хүсэлтийг СЗХ саяхан судалж, зөвшөөрөл олгожээ. Ингэснээр иргэд ус алдах, сантехник, цахилгааны гэмтэл зэргээс үүдсэн хохирлыг бага зардлаар даатгах боломж бүрдлээ. Мөн СЗХ нь Германы GIZ байгууллагатай хамтран хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Манай улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж, нийт 90 мянган өрх орон сууцтай болжээ. Харин Монголын ипотекийн корпорацын судалгаагаар моргэйжийн зээлтэй нийт өрхийн ердөө 30 хувь нь даатгалтай гэнэ. Орон сууцны зээлийн даатгал нь сайн дурынх боловч 30 хувь гэдэг нь дэлхийн дунджаас хэд дахин бага байгааг Монголын актуарчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга хэллээ. АНУ, Англи зэрэг оронд ипотекийн зээлтэй иргэдийн 90 орчим хувь нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалсан байдаг гэнэ.

Арилжааны банкны шаардлагын дагуу иргэд орон сууцны зээлээ даатгуулдаг ч жил ирэх тусам төлбөр, хураамжаа төлөхөөс татгалзах хандлагатай болдог гэнэ. Энэ нь иргэд даатгал хийлгэснээр өөрсдийгөө ямар эрсдэлээс хамгаалах боломжтой, эсэхээ мэддэггүйтэй холбоотой бололтой. Иймд энэ зээлийн даатгалыг хүртээмжтэй болгох, зээлдэгч иргэн, арилжааны банкийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам боловсруулсан аж. Үүний хүрээнд уг журмын төсөлд иргэдээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Ингээд СЗХ-ны хурлаар батлуулах аж. Ингэснээр одоо олгож байгаа орон сууцны зээлийн даатгалыг албажуулж, тоглоомын дүрмийг нь тодорхой зурж өгөх юм байна. Манай улсын нийт өрхийн 10 хувь нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн орон сууцны зээл авлаа. Хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн гурван хувь нь хугацаа хэтэрсэн, 1.5 хувь нь чанаргүй болжээ.

Өөрөөр хэлбэл, нийт зээлийн 4.5 хувь нь аль хэдийнэ хэвийн бус ангилалд орсон гэсэн үг. Энэ нь цаашид ч өсөх хандлагатай байгаа. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл манай ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэж буй. Энэ багцыг “эрүүлжүүлэх” нь иргэн, арилжааны банкийг эрсдэлээс хамгаалахаас гадна санхүүгийн зах зээлд тустай. Тиймээс ипотекийн зээлийн даатгалын хамрах хүрээг тэлэх шаардлагатай байгаа юм.

Манай даатгалын салбарын ДНБ-д эзлэх орон зай өчүүхэн. Хөгжиж буй орнуудаасаа ч хол хоцорсон. Бизнес эрхэлж буй хүн орлогоо өсгөхийн тулд барааныхаа тоог нэмэх, нэр төрлийг нь өсгөх шаардлагатай. Үүнтэй адил зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх хэрэгтэй байна. “Бодь даатгал” компани эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээ хэдэн жилийн өмнө өлгийдөн авч байжээ. Тэднийх саяхан АXA группийн “АХА PPP international” компанитай хамтран монгол хүнд бүрэн тохирсон бүтээгдэхүүн гаргасан хэмээн тус компанийн маркетингийн менежер Л.Амарсайхан хэллээ.

Манай улс зүрх судас болон элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг. Эрүүл мэндийн даатгалын сан ашигтай ажиллаж байгаа нь өвчнийг хэт хожуу оношилж, эмчилгээний зардал бага гардагтай холбоотой хэмээн нэгэн судлаач ярив. Тиймээс эрүүл мэндийн даатгалын хүрээг өргөжүүлэх орон зай бий. Мөн “Ард даатгал” зэрэг хэд хэдэн компани ийм шинэ төрлийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байгаа гэнэ.

Тус компанийн даатгалын менежер Н.Ачит “Манай компани олон улсын томоохон “Hannover re”, “MSH International” компанитай хамтран ажиллаж, эрүүл мэндийн даатгалыг илүү хямд, хүртээмжтэй болгохыг зорьж байна” гэлээ. Үүнээс гадна Засгийн газар экспортын даатгал нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр бараа, бүтээгдэхүүн экспортлогчдыг төлбөрийн болон бусад эрсдэлээс хамгаалах боломж бүрдэх гэнэ.

Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Үүнээс гадна төрийн зарим зохицуулалт хэрэгтэй байгааг салбарынхан хэллээ. Монголын актуарчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга “Энэ салбараа хөгжүүлэхийн тулд албан журмын даатгалын төрлийг нэмэх хэрэгтэй. Тухайлбал, эмч, хуульч зэрэг мэргэжлийг албан журмын даатгалд хамруулах ёстой. Ингэж байж хөгжинө. Түүнээс биш иргэдэд мэдлэг, мэдээлэл олгож, даатгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох хүртэл нь хүлээнэ гэвэл маш их хугацаа зарцуулна” хэмээн ярьсан юм.

Манай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг 2011 онд хуульчлан, албан журмынх болгосноор хураамжийн орлого эрс өссөн гэдэг. Энэ нь салбарын орлогыг нэлээд хувиар өсгөжээ. “Бодь даатгал” компанийн менежер Л.Амарсайхан “Албан журмын даатгалын төрлийг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр даатгалын салбарт хөшүүрэг болохоос гадна олон эрсдэлийг хаах боломж бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын үйлчилгээг хувийн байгуулага хийвэл зах зээл тэлж, үйлчилгээний чанар сайжрах боломжтой” гэв.

Түүнчлэн мэргэжлийн хяналтынхны хүрч, хянаж дийлэхгүй зарим ажлыг даатгалын салбарынханд даатгах хэрэгтэй гэсэн саналыг зарим хүн хэлдэг. Нийслэлд хэдэн жилийн өмнө барилгын өргөгч краны тросс тасарснаас хүний амь эрсэдсэн хэд хэдэн осол гарсан. Гэтэл үүнд хяналт тавих үүрэгтэй хоёрхон улсын байцаагч байсан гэдэг. Хоёр хүн хэдэн мянган барилгын компанийн үйл ажиллагааг хэрхэн хянах билээ. Иймд зарим ажлаа даатгалынхнаар хийлгэж, өөрсдөө хяналтаа тавих боломж бий гэнэ.