Төрийн сан, банк, банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн нэг системтэй болно гэв
2017.04.26

Төрийн сан, банк, банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн нэг системтэй болно гэв

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.04.26/ Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газар өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль санаачлагч, ажлын хэсгээс хэд хэдэн зүйл тодруулсан юм. 

Тэрээр "Үндэсний төлбөрийн систем" гэдэг утгаараа татвар, гаалийн байгууллагыг ч татан оролцуулах ёстой гэж үзэж байна. Тиймээс ч иргэн, аж ахуйн нэгж бүгд кодтой болох ёстой гэв. 

Бэлэн бусаар хийх бүх гүйлгээг нэгдсэн төлбөр тооцооны системээр хянадаг болсноор татвараас зайлсхийх, орлого нуун дарагдуулах гэх зэргээр санхүүгийн системд гарч буй зөрчлүүд эрс багасах учраас ийм зорилго, агуулгатай хууль гаргах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн юм. 

Үндэсний төлбөрийн системийг нэвтрүүлэхийн өмнө иргэн, аж ахуйн нэгж бүрийг кодчилж, бүх гүйлгээ төлбөр тооцооны системийн дагуу явагддаг болгохын тулд бэлтгэл ажлыг хэр базааж байгаа талаар хууль санаачлагч, ажлын хэсгээс тодрууллаа.

Одоогоор Сангийн яаманд Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем гэж бий. Уг системд төсвийн бүх байгууллага, орон нутаг холбогдсон байдаг. 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байгаагаар одоо банк нэг системтэй, банк бус санхүүгийн байгууллага нэг системтэй, Сангийн яамны Төрийн сан нь тусдаа нэг систем байна. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал эдгээр бие даасан, тусдаа системүүд нэгдэн нийлж, нэг систем болох бөгөөд гааль, татварыг нэгтгэж болно гэлээ. 

Үүнийг сонссон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлтэй танилцахад “Үндэсний” гэдэг агуулга харагдахгүй байна. Зөвхөн банкны төлбөр тооцооны нэгдсэн систем гэж ойлгож байгаагаа хэллээ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан үндэсний төлбөрийн системийг зөвхөн банк хоорондын гэж тодорхойлох нь өрөөсгөл бөгөөд төв банк, үндэсний төлбөрийн системд оролцогчид, төсөв тойрсон, төсөвтэй холбоотой санхүүгийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж хариу тайлбарласан юм.