Д.Цэвээнжав: Осол, зөрчлийг бууруулахын тулд жолооч нарыг хариуцлагажуулах хэрэгтэй
2017.04.26

Д.Цэвээнжав: Осол, зөрчлийг бууруулахын тулд жолооч нарыг хариуцлагажуулах хэрэгтэй

“Өнөөдөр” сонины редакциас “Монголын зам-дайны талбар” нэрт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцжээ. Тухайлбал, Д.Цэвээнжав Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, тэдгээрийн даатгалд хамрагдсан байдал, зам тээврийн нөхцөл байдал, осол, зөрчлийг бууруулахад авах арга хэмжээний талаар ярьсан юм.

Д.Цэвээнжав: Улсын хэмжээнд жолоочийн даатгалд хамрагдагсдыг сүүлийн гурван жилээр харахад улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2016 онд 766 мянга, үүнээс оношилгоонд орсон нь 511.800, татвар төлсөн нь 511 мянга, Жолоочийн хариупдагын даатгалд хамрагдсан тоо 553 мянга байна.
Гэтэл даатгалд хамрагдсан болон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 213 мянгаар зөрж байгаа юм. Үүнд ашиглалтаас хасагдсан, эвдэрсэн буюу хашаанд “хэвтэж” байдаг нь 100 гаруй мянга. Тэдгээрээс татвар авахгүйгээр улсын бүртгэлээс хасуулж, дугаараа хүлээлгэж өгөх ажлыг эхлүүлсэн байна.
Осол, зөрчлийг бууруулахын тулд жолооч нарыг хариуцлагажуулах хэрэгтэй. Гараашид байгаа машин өөрөө давхиж гараад осол гаргаж, хүн дайрахгүй шүү дээ. Тиймээс түүнийг барьж буй жолоочийг хариуцлагажуулах, мэргэшүүлэх, нийгмийн сэтгэл зүйтэй болгоход анхаарах ёстой. Хурдаа хэтрүүлэхгүй яваад ажил төрлөө амжуулах, эсэхийг жолооч нар өөрөө л хариуцдаг, шийддэг.
2011 онд Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж, жилийн дараа хэрэгжүүлж эхэлсэн байна. Хууль хэрэгжсэнээс хойш таван жилийн хугацаанд зам, тээврийн осол 120 мянган орчим гарчээ. Нийт 120 мянган гаруй ослын улмаас 50 тэрбум төгрөгийн хохирол учирсныг даатгалын байгууллагаас нөхөн олгожээ.

Зам, тээврийн ослын улмаас Монголд жилд дунджаар 400 гаруй хүн амиа алдаж байна.

Авто замын ослоор нас барж буй хүний тоогоор Монгол Улс 180 орноос 120-д ордог.

Нийслэл 858 км замтай болж, үүгээр 460-аад мянган машин зорчиж байна.