УИХ мухардалд оров уу?
2017.04.27

УИХ мухардалд оров уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.27/ гишүүдийн 64,4 хувийн ирцтэйгээр эхлэв. Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлсэн. 

Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн үг, ямар шийдэлд хүрсэн талаар хүргэе.

Тэдний хэлсэн үгнээс сонсоход "дээрээ суудлаа олохгүй" байна уу даа гэж ажиглагдав. Учир нь гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэхдээ нэг нэгэн рүүгээ дайрсан, үл ойлголцсон, дайсагналцсан шинжтэй байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж талцан, Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувь гэж булаалдан, миний, чиний гаргасан алдаа, буруу бодлого гэсээр хэдий хэр хугацаа өнгөрөх бол? 

Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг гурав хоногоор сунгах санал гаргасан ч дэмжигдсэнгүй

Эхлээд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлсэн. Тэрээр Зөрчлийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргав. УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт таван хоногийн завсарлага авсан учраас /04.18-04.25/ энэ долоо хоногоос эхлэн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон.

Харин энэ хугацааг дахин гурав хоногоор сунгах эсвэл хэлэлцэх асуудлын дарааллаас хасах, цаашлаад Засгийн газар оруулж ирсэн хуулийн төслөө татаж авах нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Тус бүлгийнхэн Засгийн газрын оруулж ирсэн хуулийн үзэл баримтлал үндсэн зорилгоосоо хазайсан бөгөөд иргэний эрхийг хамгаалах биш хүний эрхийг зөрчиж байна гэв. 

Д.Эрдэнэбатын гаргасан горимын санал болох хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг гурав хоног сунгахыг дэмжих эсэх асуудлаар санал хураахад 49 гишүүн оролцож, 24 гишүүн зөвшөөрч, 25 гишүүн татгалзаж, 49 хувийн саналаар энэ санал дэмжигдсэнгүй.

Ц.Нямдорж: Кнопоо "маллаж сур"

Горимын санал дэмжигдээгүй учраас хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гарсан ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү кнопоо дарж чадаагүй гэв. Энэ маргаан даамжрах төлөвтэй болоход УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж кнопоо "маллаж" сурахыг анхааруулаад өнгөрсөн парламентад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт О.Баасанхүү нартай хамт орж ажилласан ч тухайн үеийн үзэл баримтлалаасаа одоо хазайсан учраас дуугарахаа больсон гэв. Тэрээр АН-ын гишүүдэд хандаж, өнгөрсөн хугацаанд та бүхний хууль, эдийн засаг самарсны хор уршиг одоо гарч байна гэж эрс шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ. 

Маргааш орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуулгын хариуг сонсоно

Тэрээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын саналыг дэмжиж байгаагаа хэлэв. Эрүүгийн хууль, түүнийг даган гарах процессын таван хууль гаргах болсон нь дэвшилттэй мэт боловч хүний эрхийг зөрчсөн ноцтой ухралт гарах эрсдэлтэй байна гэж үзэв.

УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар асуулгын хариуг сонсох хүсэлт тавьсан ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байгааг хэллээ.

Л.Болд: Нэг суудлаар ялсан  л бол ялсан

Сүхбаатар аймагт Ардчилсан нам нэг суудлаар ялсан, Хан-Уул дүүрэгт нэг суудлаар ялагдсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, маргаан дэгдээд байгаа учраас дахин сонгууль явуулбал Ардчилсан нам ялах магадлалтай гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байна. Тиймээс Баасан гарагийн Ерөнхий сайдын мэдээлэлд орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан асуулгын хариуг оруулж өгөхийг хүслээ. Хүсэлтийн хариуд УИХ-ын дарга М.Энхболд маргаашийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж болох байх гэсэн юм. 

Ирэх долоо хоногт Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болов

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "гүтгэх" гэсэн зүйл заалт оруулж байгааг эсэргүүцэв. Ямар ч гүтгэлгийг шүүх, прокурор нотлох баримтын хэмжээнд авч үздэггүй учраас шийдвэрлэхэд нэн төвөгтэй байдгийг хэллээ. 

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байхыг анхаарууллаа. Эрдэнэт үйлдвэрт хүн бүхэн хайртай мэт боловч Эрдэнэтчүүдийн ирээдүйг бодолцож, байгалийн баялгийн хуримтлалын сантай болгох санаачилгыг дэмжиж, дорвитой алхам хийхгүй байгааг эрс шүүмжилж, тогтоолын төслийг нь баталж өгөхийг хүслээ. 

Л.Оюун-Эрдэнэ: Дэг журам дээрээсээ эхэлдэг

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоног, түүний дараагийн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаануудаар Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк, Монголбанктай холбоотой асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Эдгээр асуудал нийгэмд хурцаар тавигдаж, УИХ-аас ажлын хэсэг гарч, хяналт шалгалт явуулж, тогтоолын төсөл хүртэл батлагдан багагүй хугацаа өнгөрчихөөд байхад үйл явц яаж өрнөж байгаа нь тодорхой бус байгааг шүүмжиллээ.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг байдлаа таслан зогсоож дэг журмыг дээрээсээ эхэлж байж л төрийн байгууллагаас хуулиа чанд мөрдөхийг шаардаж болно шүү дээ гэв. 

Түүний гаргасан саналыг сонссон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва энэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал дараа долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон гэдгийг дуулгаад эхлээд байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-д асуудлыг оруулахаар боллоо.