Энх-Амгалан.Б 2017.04.27 | Сайт: Vip76.mn

Б.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэрээр хураагдсан эд зүйлсийг хэрхэн үнэлж байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой хэд хэдэн зүйлсийг ажлын хэсгээс асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цэргийн байгууллага уу, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллага уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Монгол Улсын цэргийн цол мөрдсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэглэх нь зөв үү, буруу юу? Цэргийн албаны хууль дээр цэргийн жинхэнэ албан хаагч гэж цэргийн байгууллагад албаа биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлж байна. Цэргийн байгууллагаас бусад байгууллага энэ хувцас, цол, мөрдсийг хэрэглэх хориотой гэсэн заалттай. Үүнийг ямар заалтаар зохицуулж байна вэ?

Хоёрдугаарт, Бид төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг зөрүүтэй, алагчлалтай тогтоож болохгүй. ОУВС-гаар түрий барин батлан хамгаалах багц хуулинд өөрчлөлт оруулж, зардлыг танасан. Гэвч одоо яг тэр хуулийнхаа эсрэг агуулгатай хууль оруулж ирж байна. Энэ зардал өөрөө тэвчиж болох зардалдаа орохгүй байна гэж үү?

Гуравдугаарт, Шүүхийн шийдвэрээр хураагдсан эд зүйлсийг борлуулж, хохирогчид олгодог. Гэтэл эдгээр эд зүйлсийн үнэлэмжийг яаж тогтоож байгаа вэ? Тухайлбал, хадгаламж зээлийн хоршооноос хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахын тулд хаа сайгүй байрлах лангууг өндөр үнээр зарсан байсан. Энэ дээр ямар зохицуулалт орсон бэ?

Дөрөвдүгээрт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ял эдэлж буй ялтанд давхар хэрэг хүлээлгэдэг хэл ам гардаг. Мөн гүйцэтгэх ажлыг хугацаагүй явуулсан гэж хүмүүс гомдол гаргадаг. Үүнийг яаж зохицуулж байна?

Тавдугаарт, Баривчлах асуудал зөрчлийн тухай хуулинд орж ирсэн байна. Зөрчлөөр баригдсан хүмүүс эрүүгийн гэмт хэрэгтэнтэй хамт хоригдох уу? Эсвэл тусдаа шорон барих уу?

АЖЛЫН ХЭСЭГ:

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч цэргийн цол хэргэлнэ гэж оруулсан. Мөн цэргийн албаны хуулийг дагаж гарсан хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч цэргийн цол хэрэглэж болно гэсэн байдаг.

Зардлын хувьд хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд сангийн сайдаас албан ёсоор зөвшөөрөл авж байгаа. Хуулийн төслийн заалтуудтай холбоотой зардлыг хянаад зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл ОУВС-гаас тавьсан саналын хүрээнд багтаж байгаа гэж ойлгож байна.

Үнэлгээний хувьд энэ хуулийн төсөлд нарийвчилсан заалтуудыг оруулсан. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээ 3-ны 1-ээс буурах тохиолдолд заавал дахин үнэлэх шаардлагатай. Үүн дээр тодорхой хугацаа тавьж өгсөн.

Баривчлах ялыг зөрчилтэй холбогдуулж шинээр оруулж ирэх асуудал УИХ-аар батлагдвал тусгайлан шорон барих төсөөлөлтэйгөөр бид төслөө боловсруулж эхэлсэн.