О.Баасанхүүгийн саналыг авч хэлэлцсэнгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.28

О.Баасанхүүгийн саналыг авч хэлэлцсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.28/ гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр 12 цаг 05 минутын орчимд эхэллээ. Товлосон цагаасаа даруй 2 цаг хожимдож эхэлсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг /анхны хэлэлцүүлэг/ үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  

Өнөөдөр зургаан асуудал хэлэлцэнэ

Яг одоо Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна.

Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийнэ.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-нд өргөн мэдүүлсэн Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын гуравт байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Мөн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэснээр үдээс өмнөх хуралдаан дуусах юм. Баасан гарагийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог уламжлалтай. Өнөөдөр Засгийн газрыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан асуулгад хариу өгнө.

Тэрээр Монгол Улсаас оффшорт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө эзэмших, орлогоо нуун дарагдуулах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг 17 ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаар мэдээлэл болон цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

О.Баасанхүү: Нийгэмд хаус байдлыг бий болгож байна

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн. Тэрээр Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргалаа. Түүний үзэж байгаагаар хууль санаачлагчид эрүү болон захиргааны зөрчлийг хооронд нь хольж хутгаж байна.

Захиргааны зөрчил нь зөвхөн тухайн зөрчлийг арилгахын тулд торгодог. Гэтэл торгуулиа төлж чадахгүй бол баривчлах гэх зэргээр хуулийг сонголттой хэрэглэх зүйл заалтууд орсон байна гээд нэг ёсондоо Эрүүгийн тухай хуулиас 300 гаруй заалтыг салган авч, "зөрчил" тодорхойлоод торгох гэж байна гэв. 

Угтаа бол АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг зөрчил гаргасан этгээдийг хүмүүжүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлд Зөрчлийн тухай хууль чиглэх ёстой гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. 

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд "Өчигдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргасны дагуу санал хураахад гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ хуулийн төслийг нэгэнт хэлэлцэж эхлээд одоо зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байгаа учраас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн горимын саналыг хүлээж авах боломжгүй гэлээ.