Бат-эрдэнэ.Ж 2017.04.28 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: 17 тэрбум ам.доллар гэдэг хэр бодит, үндэслэлтэй тоо вэ?

Ж.Бат-Эрдэнэ: 17 тэрбум ам.доллар гэдэг хэр бодит, үндэслэлтэй тоо вэ?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.28/ УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, уг асуудлыг хэлэлцэж байна. 

Тэрээр Монгол Улсаас оффшорт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө эзэмших, орлогоо нуун дарагдуулах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг 17 ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаар мэдээлэл болон цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн асуудлыг АТГ-ын даргаас тодрууллаа. 
  • Хөдөө, орон нутаг гэлтгүй улс орны хэмжээнд оффшорын тухай нилээд ярьж байна. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гарч ирэв? Судалж, шинжилсний үндсэн дээр “17” гэдэг тоог гаргаж ирэв үү, эсвэл?
  • 17 тэрбум ам.доллар гэдэг бол хэдэн жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгө шүү дээ. Тиймээс “17” гэдэг хэр бодитой тоо вэ?
  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ гэж бий. Энэ хүрээнд АТГ хичнээн улстай хамтран ажиллаж байна? Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан харьцаж байна уу эсвэл бие даан, шууд харьцаж мэдээ мэдээлэл, зөвлөмж авч байна уу?   
  • Монгол Улсаас хичнээн иргэн, аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй байна гэсэн албан ёсны тоо баримт, статистик бий юу?

Х.Энхжаргал: 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг мэдээлэл үнэн, худал болох нь нотлогддоггүй

АТГ-ын дарга Х.Энхжаргал

"17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна" гэсэн мэдээлэл цацагдан, иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, АТГ-д гомдол, саналаа илэрхийлсэн. Үүний мөрөөр Авлигатай тэмцэх газар өөрсдийн хүч, нөөц бололцоонд суурилж эрэн сурвалжилсан. Энэ мэдээлэл үнэн, худал эсэх нь батлагддаггүй.

Оффшор бүс гэж татвар маш бөгөөд огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тиймээс энэ бүсээс мэдээлэл авах ямар ч боломжгүй.

Азаар “Panama Papers”-ийнхэн 11,7 сая мэдээллийг хакердаж, олон нийтэд илчилсэн байдаг. Энэ илчлэгдсэн мэдээлэл дунд Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр байгаа юм. 

Гэвч 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа эсэх нь нотлогддоггүй, энэ мэдээлэл үнэн, худал гэдгийг батлах боломж байхгүй гэж хэлж болно.

Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг. Гэхдээ нэг улсад хандан бичиг илгээснийхээ дараа ойр, ойрхон сануулахгүй бол хариу ирэхгүй зургаан сар, нэг жил хүртэл хариу ирдэггүй. “Хөөцөлдье”, “эргээд хариу хэлье” гэдгээс цааш хэтэрдэггүй.

АТГ-д Гадаад харилцааны төсөв байдаггүй. Олон улсын хурал, чуулганд оролцооч, зардлыг нь даая гэсэн тохиолдолд оролцохоос өөрөөр хэтэрдэггүй.

Хэрэв оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглоё гэж байгаа бол АТГ-ын гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn