Тэрбишдагва.Д 2017.04.28 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Монгол Улс өөрөө татварын таатай нөхцөлтэй бүс болох боломжтой юу?

УИХ-ын үдээс хойших Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсыг татварын таатай бүс болгох талаар асуулт асуулаа.

Д.ТЭРБИШДАГВА: ОФФШОР ГЭХЭЭР БАЙНГА СӨРӨГ ОЙЛГОЛТ ЯВДАГ. ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ЮМ БЭ?

Оффшорын 17 тэрбум долларын тухай яригдаад байсан чинь өнөөдөр 1 тэрбум долларын долларын зүйл ч гарч ирээгүй байна. Мэдээллийн зөрүү болоод байна уу эсвэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж нэгэн рүүгээ дайраад байна уу?

Монгол Улс Швейцартай адил санхүүгийн чөлөөт болж, татварын таатай нөхцөлтэй улс болж, гадны мөнгийг татах бодлого барьж болохгүй юу? Гадаад руу мөнгө гаргасан асуудлаа л яриад байдаг. Харин гадны мөнгө Монгол Улсад орж ирдэг байж болохгүй юм бэ? Санхүүгийн зах зээлийг таатай нөхцлөөр Монголд татаад, цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулах талаар судалсан уу? Оффшор гэхээр байнга сөрөг ойлголттой байна. Давуу тал нь юу юм бэ?

С.БЯМБАЦОГТ: МОНГОЛ УЛС ӨӨРӨӨ ОФФШОР БҮС БОЛОХ БОЛОЛЦОО НЭЭЛТТЭЙ

Өнөөдөр оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулах асуудлыг хориглосон хууль байхгүй байгаа. Бидний сая баталсан хууль бол хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүс дэх үйл ажиллагааг л хориглосон. Бусад бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, жирийн иргэд оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулах, мөнгө оруулж ирэх асуудал бол нээлттэй.

1990-2015 он хүртэл хугацаанд нийтдээ 14 тэрбум долларын хөрөнгө орж ирсэний 10 орчим тэрбум нь оффшор компаниудаас орж ирсэн. Монгол Улс өөрөө оффшор бүс болох, оффшор бүсээс мөнгө оруулж ирэх бололцоо нээлттэй байгаа.