Засгийн газрын төслийг УИХ-ын ажлын хэсэг "замхруулж" байна уу?!
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.04.27

Засгийн газрын төслийг УИХ-ын ажлын хэсэг "замхруулж" байна уу?!

Өргөн баригдаад байгаа төслөөр бол хүний эрх нэгдүгээрт биш хүний эрх рүү шууд халддаг байгууллагын эрх нэгдүгээрт болж хувирах эрсдэл харагдаж байгаа юм. Тухайлбал, шүүх хурлаар шийддэг байх асуудлуудыг прокурор шийддэг болох гэж байна гэв

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлснээр өмнөх парламентын гал дундуур гартаа барьж гүйсэн дарьтай торх дахин задрах бололтой. Учир нь уг хуулийг болон Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль зэрэг таван багц хуулийг Ардчилсан намын олонх бүхий өмнөх парламент эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хэлэлцэн баталж байлаа. Чамгүй хэл ам таталж, нэлээдгүй цохилт амсч байж баталсан тэдгээр хуулиудыг өмнөх парламент бүрэн эрхийн хугацаандаа амжиж ёсчлоогүй тарсан учир шалтгааны улмаас өнөөгийн парламент тэдгээрийг хүчингүй болгож, улмаар өдгөө шинэчилсэн найруулгаар өргөн бариад буй нь энэ юм.

Шинэчлэгдсэн хуулийн төслүүдэд өмнөх хуулиудын үзэл баримтлалаас өөрчлөгдсөн зарчмын асуудал юу юм бэ, тэрхүү өөрчлөлтүүд нь ямар үр дагавартай юм бэ гэх асуулт олны анхаарлыг татаж байгаа бол улстөрийн хүрээнд энэ асуудлыг арай өөр өнцгөөс харж буй нь гарцаагүй.

Өмнөх парламент хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг шинэ үзэл баримтлалаар хуульчлахаар хэлэлцэж эхэлмэгц тэдгээр байгууллагынхан хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Яагаад гэвэл тэдний он удаан жилээр тогтсон сэтгэлгээ, хандлагыг эрс эвдэх, цаашлаад эрх ашиг, эрх мэдлийг нь хязгаарлах цалам байсан биз. АТГ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтран Ерөнхий сайдад бичиг явуулж, хуулийн төслүүдийг УИХ-аас буцаан татуулж байлаа. Гүйцэтгэх засаглалын дунд шатны агентлагийн дарга нар хууль тогтоох эрх мэдлийг бойкотлосон тэмцэл рүү шилжиж, Хууль зүйн сайдаа ноцох хэмжээнд хүртэл асуудал хурцдаж байсан ч Ардчилсан нам ард нь гарсан. Харин одоо тэр “довтолгоо” одоо тайван замаар хийгдэж, хуулийн төслүүдэд “захиалга”-ын замаар тусгалаа олчихсон гэж улстөр ажиглагчид харж байна.

Учир нь Засгийн газраас өргөн барьсан шинэчлэгдсэн хуулийн төслүүдийн зарим нь суурь үзэл санааны хувьд өмнөхөөс төдийлөн өөрчлөгдөөгүй байсан ч УИХ-ын ажлын хэсгийн саналаар айхавтар өөрчлөлтүүдийг тусгаж эхэлсэн байна.

УИХ-аар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлсэнтэй зэрэгцэн МУИС-ийн Хууль зүйн сургуулиас салбарын мэргэжилтэн, судлаачдын дунд өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, уг хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасныг тал талаас нь хөндөн ярилцсан юм. Харин хууль тогтоогчдын төлөөлөл болгон санаачлагчдаас Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, УИХ дахь сөрөг хүчний гишүүн, өмнөх парламентын Хүний эрхийн дэд хорооны дарга асан Л.Болд нарыг урьж, байр суурийг нь сонсчээ.

“Шүүхийн дээр прокурор байх болно” 

Амьдрал дээр хэрэгжиж амжаагүй чигтээ цуцлагдсан эрх зүйн шинэтгэлийн хуулиудын амин сүнсийг Л.Болд тодорхойлохдоо “Хүний эрхийг хамгаалах, эс бөгөөс хязгаарлах бүх процессыг шүүх хурлаар шийддэг байхаар хуульчлаад байсан юм. Тухайн хүнийг цагдан хорих гэж байгаа бол шүүх хурлаар шийднэ, гэм бурууг нотлох гэж байгаа бол шүүх хурлаар шийдэн, ял оноох гэж байгаа бол шүүх хурлаар шийднэ. Харин одоо өргөн баригдаад байгаа төслөөр бол хүний эрх нэгдүгээрт биш хүний эрх рүү шууд халддаг байгууллагын эрх нэгдүгээрт болж хувирах эрсдэл харагдаж байгаа юм. Тухайлбал, шүүх хурлаар шийддэг байх асуудлуудыг прокурор шийддэг болох гэж байна. Шүүхээс илүү эрх мэдэлтэй прокурорыг шүүхийн дээр аваачиж тавих гэж байна. Энэ тохиолдолд шүүх бол хэн нэгний улс төрийн, эсвэл мөнгөний сонирхлоор гаргасан шийдвэрийг албажуулдаг жүжгийн тайз болж хувирахгүй гэх баталгаагүй болно” гэж мэдэгдсэн юм. 
Хууль зүйн сургуулийн Нийтийн эрхийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан сүүлийн найман жилийн судалгааны үр дүндээ тулгуурлан байр сууриа илэрхийлэхдээ “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль бол хүний эрхийг хамгаалах, хязгаарлах асуудлыг зохицуулдаг суурь хууль юм” гэдгийг тодотгоод “Энэ хуулиас хүний халдашгүй эрхийн орон зай шууд хамаарна. Орчин үед эрүүгийн процессын хамгийн оновчтой тогтолцоог бий болгох үндсэн шалгуур нь хүний эрхийн баталгаа гэж үзэх болсон” гэв. Тэр тусмаа сэжигтнийг цагдан хорих ажиллагааг хуульд хэрхэн шийдэж байгаагаар хүний эрхийн баталгааг хэмждэг хэмээн онцоллоо. Тэгвэл энэ хэмжүүрээр Монголын нөхцөл байдлыг харвал байдал бүүдийх аж. Судалгаагаар бол Монголд нийш шалгагдаж буй хэргийн 45 хувьд /хавтгайруулсан гэх хэллэг үүнд тохирно/ нь цагдан хорих арга хэмжээ авдаг нь дэлхийн улс орнуудын түвшнээс 10 дахин давсан “аймшиг” аж. Японд гэхэд нийт шалгагдаж байгаа хэргийн гурван хувьд цагдан хорих арга хэмжээг авдаг байна. Тэгвэл шинэчлэн батлах гэж буй хуулийн хүрээнд цагдан хорих эсэх, нэгжлэг үзлэг хийх, хүний биеэс биологийн дээж, шинжилгээ авах, орон байр, хувийн харилцаа, холбооны мэдээлэлд нэвтрэх, тагнах чагнах зөвшөөрлийг прокурор өгдөг болох гэж байгаа юм. Уг нь хүчингүй болсон хуулийн хүрээнд эдгээр хувийн халдашгүй эрх рүү нэвтрэх эсэхийг шүүх дээр хэлэлцэж шийдвэрлэдэг байх шинэ жишгийг тогтоож өгөөд байсан. Тэгэхдээ шүүх гэдэг нь хэн нэгэн шүүгч биш өмгөөлөгч, прокурор адил тэгшээр үндэстэй тайлбараа шүүх дээр илэрхийлж, тэр дундаас шүүгч үнэн худал, зөв бурууг тогтоох үйл явцыг хэлэхээр хуульчлаад байв. Харин шинэчлэх гэж буй хуульд уг эрх мэдлийг прокурор эзэмшихээр болж байгаа учраас Л.Болд “шүүхийн дээр прокурор сууна” гэж хатуурхжээ. Шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ гэдэг Үндсэн хуулийн 47.1 дүгээр заалт уг нь бий.

Дээрх эрх мэдлийг яагаад прокурорт өгч болохгүй талаарх онолын үндэслэл бүхий тайлбарыг Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан дараах байдлаар томъёолж буй. Прокурор мөрдөх, шалгах ажлаас хөндий, зайтай. Прокурор яллах чиг үүрэгтэйгээс гална цагаатгах үндэслэлийг цуглуулах үүрэгтэй ч практик дээр яллах талаа түлхүү барьдаг. Прокурор босоо зарчмаар ажилладаг, дээрээ удирдлагатай учраас нөлөөллөөр /тушаал, чиглэлээр/ шийдвэр гаргах магадлалтай. 
Эрүүгийн хэргийн шийдвэрлэх явцад хүний эрхийг хангаж буй эсэхийг ярих хамгийн тодрхой нөхцөл нь асуудал цагдан хорих явдал юм бол цагдан хорино гэдэг ямар зорилготой үйлдэл вэ гэдэг онолын асуудлыг доктор Д.Баярсайхан хөндсөн юм. Хатуу нотолгооны арга хэмээх Вышинскийн онолд /1936 он/ байх аргад прокурор, цагдаа хоёр оролцдог. Нотлох баримтыг цагдан хорьж байж олж авна гэдэг нь барууны стандартаар бол гажуудал гэж тэрбээр үзэж байна. Зүй нь нотолгоонд тулгуурлан цагдан хорих ёстой, цаашлаад цагдан хорих арга хэмжээг суллах ажиллагаа хуульчлагдаагүйг тэр онцлов. Өнөөдрийн практикаар Монголд цагдан хорих хугацааг сунгах тухай шүүхийн захирамж нийт захирамжийн 68-71 хувийг эзэлж байгаа нь бас л түгшүүр. Ихэвчлэн албан тушаалын хэргийг цагдан хорихзамаар шийдвэрлэж байгаа аж.

Өмнөх батлагдаад байсан хуулиар бол шүүхийн шийдвэрээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэсэн хэм хэмжээг үгүй болгоод байв. Хэрэв хэргийг таслах бололцоогүй нотолгоо хангалтгүй гэж үзэж байгаа бол дахин нотолгоо олуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй логик нь Шүүх нотолгоо хангалтгүй гэж үзвэл сэжигтнийг цагаатгах ёстой гэсэн үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж үздэг. Монголд шүүхээр хэлэлцэгдсэн нийт хэргийн 10 хувь нь нэмэлт мөрдөн байцаалтад буцдаг нь бас л өндөр тоо. Үүнийг Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хөндөн ярьж, шүүх хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг заалтыг хуулийн төсөлд “ажлын хэсэг” нэмснийг хэлж байлаа. Хэргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тохиолдолд нэг нөхцөл тавигддаг нь прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба ажиллах ёстой, тэнд дутуу хэргийг нөхөж мөрддөг жишиг байдаг аж. Хэрэв одоо УИХ шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах заалтыг эргүүлэн сэргээхдээ хүрвэл прокурорын дэргэдэх Мөрдөнг байгуулах ёстой болох юм.

Тэгээд тэр хуулийг хэн хийж байна вэ?!

Хэлэлцүүлэгт оролцсон хуульчдын нэг гайхаж буй зүйл нь “Хуулийг санаачлагчид ч, салбарын мэргэжилтнүүд ч батлах гэж буй хуулийн төсөл дээр санал огтлолцож байгаа атал УИХ-аар Та бүхний харж, ярьж байгаагаас өөрөөр төсөл орж ирээд байгаагийн учир юу вэ. Тэр хуулийг та нарын оролцоогүйгээр хэн хийгээд байгаа хэрэг вэ” гэсэн асуудлыг хөндөж байв. 

Энэ асуултад Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан хариу өгөхдөө УИХ дээр Дээд шүүхээс хүсэлт ирсэн юм билээ гэх шинэ мэдээллийг дуулгана лээ. Харин Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “хууль санаачлагч төслөө танихгүй болтол өөрчлөгдөг гэж ярьдаг. Нэг хэсэг нь онол ярьдаг, нөгөө хэсэг нь практик ярьдаг. Хоёр тал нэг нэгнээ нөхсөөр нэг цэг дээр огтлолцож зөв шийдвэр гараасай гэж боддог” гэх даруухан хариулт өгч байна. 

Тэгвэл хуулийн төсөл санаачлагчдаа ч танигдахгүй болтол өөрчлөгддөг байх нь. Тэгэхдээ УИХ-ын ажлын хэсэгт дээр, дороос ирдэг хүсэлт нэртэй нөлөөлөл хүчтэй байдгийг салбарынхан нь ийнхүү битүүхэн сануулж байх шиг. 

Хууль эрх зүйн шинэтгэлийн хуулиуд анхнаасаа эцсээ хүртэл салбарын байгууллагуудынхаа амбицийг дарж дийлэх гэдэг том сорилт дунд хэлэлцэгдсээр батлагдаж байлаа. Ардчилсан нам тэр амбицийг дарж, давж гарсан. Харин одоо МАН тэр амбицид алгуурхнаар атгуулж, УИХ-ын ажлын хэсгийн саналаар хуулийн төсөлд түүнийг нь тусгаж байгааг салбарынхан нь сэм сануулах шиг боллоо. Дээд Шүүхийнхний хүсэлтээр шүүхээс хэргийн нэмэлт мөрлөн байцаалтад буцаадаг болох санал, Прокурорын мөрдөн хийгээд бусад эрхийг сэргээх санал, сэжигтнийг хатуу нотолгооны аргаар шахах, цагдан хорих гээд хуульчлагдаагүй “бурангуй” бүхэн буцаад төсөлд амилж байна. УИХ-ын гишүүн Л.Болд хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “1992 онд Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа НҮБ-ын Хүний эрхийн конвенцийг дагаж, “ХҮН ЖАМ ЁСНЫ ЭРХТЭЙ” гэдгийг тунхагласан юм. Харин ТӨРД ЖАМ ЁСНЫ ЭРХ гэж үгүй. Өөрөөр хэлбэл, хүнийхээ дээр гардаг эрх гэж төрд үгүй. Тийм ч учраас хүний эрхийг шударгаар хамгаалах үүрэгтэй, эсвэл зүй ёсны дагуу хязгаарлах эрх бүхий хууль сахиулах, шүүн таслах байгууллагын үйл ажиллагаа нь тэдний дур зоргоос ангидаар хуульчлагдсан байх ёстой. Тэдгээр субъектүүд хуульд ямар байна түүнд нийцэж ажиллах ёстой болохоос биш хуулийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд нийцүүлэн “захиалах” ёсгүй юм” гэсэн нь зүгээр улстөр биш бололтой.