Элчин сайд ноён Жон Лангтрийг хүлээн авч уулзлаа
2017.05.01

Элчин сайд ноён Жон Лангтрийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтрийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэд Австрали улсын Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд Шаром Стоун ирэх долоо хоногт Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх гэж байгаа талаар болон нийслэлийн нийгмийн салбарт тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Австрали улсын Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд айлчлан ирэхээс өмнө бидэнтэй уулзан, санал бодлоо солилцож, мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийслэлийн иргэд ажиллаж амьдрахад маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байна.

Тиймээс нийслэлийн удирдлагууд асуудлыг шийдвэрлэхээр үе шаттай арга хэмжээ, төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Энд онцолж хэлэхэд манай улсын хувьд жендэрийн харьцаа хэдийнэ алдагдсан. Өөрөөр хэлбэл, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь түлхүү байгаа юм. Учир нь, хөдөө амьдардаг иргэд гал голомтоо залгуулж, үе удмаараа мал маллах үүднээс хүүгээ авч үлдээд охиноо хот руу сургуульд явуулдаг.

Мөн гадагшаа эрчүүд  олноор явж ажиллаж байгаа зэргээс үүдэлтэй юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд ажил хөдөлмөр эрхлэхэд их хүндрэлтэй байдаг. Тиймээс бид энэ талд түлхүү анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалах төвийг тэдний ээжүүд ажиллах ажлын байртай нь цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Тэгвэл нийгмийн нэгээхэн хэсэг ч болтугай амар тайван ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм” гэлээ. 

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри “Манай Элчин сайдын яам танай улсад байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн төсөл  хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Тухайлбал, хараагүй хүүхдүүд суралцдаг нийслэлийн 116 дугаар сургуулийн хичээлийн танхимыг тохижуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг түр байлгах 2 байрны асуудлыг шийдвэрлэхээр ярилцаад, ажил хэрэг болгож байна. Мөн Австрали улсад суралцаж ирсэн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран судалгаа хийсний үндсэнд нийгмийг хамарсан төсөл хөтөлбөүүдийг хэрэгжүүлнэ. Бидний судалснаар бага насны хүүхэд хамгийн ихээр байдаг газарт буюу ерөнхий боловсролын сургуулийн  ойролцоох авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио суурилуулах ажлыг төлөвлөсөн.

Эхний удаад 5 дугаар сургуулийн урд байрлах авто замыг гэрлэн дохиотой болгох асуудлаар холбогдох албаныхантай уулзаж, ярилцаж байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.