Бямбаа.Т Бат-эрдэнэ.Ж Д.Ганбат 2017.05.01 | Сайт: Vip76.mn

Замын чанар, засвар, арчлалтад түлхүү анхаарсан шинэчилсэн найруулгын төсөл

Авто замын тухай хуулийг 1998 онд баталснаас хойших 20 жилийн хугацаанд нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Манай улсын нийт ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувь, нийт зорчигч тээврийн 98,8 хувийг авто замаар гүйцэтгэж байгаа энэ үед шинэлэг зохицуулалт хийх шаардлага яахын аргагүй урган гарчээ.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газар боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн юм. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал Монгол Улс үндэсний авто замын сүлжээтэй болж, нэгдсэн бодлогоор хөгжинө гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна.

Төрөөс авто замын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлнэ. Тодруулбал, олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яам боловсруулж, Засгийн газраар батлуулна. Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, Нийслэлийн Засаг дарга гаргаж, ИТХ-аараа батлуулна гэж хуулийн төсөлд заажээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг авто замын салбарын мэргэжилтнүүд, харьяа байгууллагын дунд гурван удаа хийж, хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон Монголын авто замчдын холбооны сайтад тавьж авто замчид, олон нийтийн санал авсан байна. 

Олон улсын, улсын, орон нутгийн чанартай зам барьж байгуулахаас гадна олон нийтэд зориулан дугуйн зам барихаас эхлээд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын авто зам барих тухай асуудлыг төсөлд тусгажээ.

- Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээ.

- Тусгай зориулалтын авто зам гэж тээвэрлэлтийн онцгой нөхцөл бүхий зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто зам.

Хуулийн нэр томьёог шинэчилж, хэд хэдэн шинэ нэр томьёо оруулжээ. Тухайлбал, "замын байгууламж" гэдэг ойлголтод унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам гэж нэмэн, авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж гэдгийг төлбөр авах цэг, авто зогсоол гэж тодотгожээ.

Одоогийн хуульд авто замын эзэмшигч, өмчлөгч гэж нэг ойлголт байсныг шинэчилсэн найруулгын төсөлд хоёр салгажээ.

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг өмчлөгч нь төр байх бол эзэмшигч нь яам, яамнаас эрх олгосон этгээд байна гэж заажээ.

Нийслэл болон орон нутгийн чанартай авто замыг өмчлөгч нь аймаг, нийслэлийн ИТХ байна, эзэмшигч нь Засаг дарга, Засаг даргаас эрх олгосон этгээд байна. Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь яамтай байгуулсан гэрээний дагуу авто замыг өмчилж болно гэж Авто замын тухай шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. 

Авто зам, замын байгууламж барих нэг хэрэг. Түүний чанар, засвар, арчлалтад анхаарч, хариуцах эзнийг хуульчилж өгсөн байна. Зам хариуцагч нь авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Гамшиг, ослын улмаас авто замд эрсдэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед холбогдох байгууллага, олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээ яаралтай авах зэрэг хэд хэдэн тодорхой үүргийг хуулиар хүлээх болж байна. 

Авто зам, замын байгууламж барихдаа норм, норматив баримтлах бөгөөд баталгаат хугацаа нэг жил байна. Нэгэнт барьсан  авто зам, замын байгууламжид урсгал, ээлжит, их засвар хийж байхаар төсөлд тусгасан юм. Авто зам, замын байгууламжийн талаар дараах гурван зарчим баримтална. Үүнд,  

- Авто замын засвар, арчлалт, ашиглалтын болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байгуулж ажиллуулах, тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам батална.

- Авто зам, замын байгууламжийг батлагдсан стандарт, норм норматив баримтлан барьж байгуулна.

- Авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлахдаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. 

Авто зам, замын байгууламж барихад хөрөнгө оруулалтын бүхий л эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэр дундаа хувийн хэвшлийг татан оролцуулах, замын компаниудыг дэмжих бодлого барьж байна.

Авто зам, замын байгууламжийг барих, эзэмших, ашиглах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үед эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалд даатгуулж болно. Авто зам, замын байгууламжийг даатгуулах тухайгаа гэрээндээ тусгаж өгнө гэж шинэчилсэн найруулгын төсөлд заажээ. 

Монгол Улс авто замын норм, норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байна.

Уг баримт бичгийг боловсруулах, батлах, боловсронгуй болгож хөгжүүлэх “Авто замын норм, нормативын сан”-тай байна. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг авто замын барилга, засвар, ТЭЗҮ, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0,18 хувиар тооцсон орлого, норм нормативын баримт бичиг боловсруулсны орлого, хандиваас бүрдэнэ.

Хуулийн төсөлд төрийн байгууллагын оролцоог хангах заалт оруулсан бөгөөд төрийн бус байгууллагаар ямар ажил гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд шийднэ. Авто замын салбарын төрийн бус байгууллагууд:

- Авто замын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, эрх зүйн бусад баримт бичгийг боловсронгуй болгох

- Төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох

- Автозамчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. 

Олон улс, улсын чанартай авто замын өргөн 100 метр, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын өргөн 60 метр байна гэж өмнөх хуультай адилхан тусгажээ. Авто зам, замын барилга байгууламж барихад тавих шаардлагыг нарийвчилж, авто замын ТЭЗҮ, зураг төсөл, техник технологи зэргээр тус тусад нь задлан нэг бүрчлэн тусгажээ.

Авто замын тухай хуульд “Авто замын сан” гэж бие даасан бүлэг байсныг зүйл болгон, сангийн хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт зэргийг нарийвчлан тусгажээ. Тус сан нь олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, замтай холбоотой бусад үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Авто зам ашигласны төлбөр, зам дээр гарсан зөрчил, хууль зөрчигчдөд ногдуулсан торгууль, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар гээд 10 гаруй төрлийн эх үүсвэрээс санхүүжиж болно. Сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад “Авто замын зөвлөл” хяналт тавина. Энэ зөвлөл нь олон нийт, иргэдийн төлөөллөөс бүрдэнэ гэж хуулийн төсөлд заажээ.

Одоогийн хуульд авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоодог байсныг ИТХ-ийн хурал тогтоох юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлнө.

Шинэчилсэн найруулгын төсөлд ч тэр авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг төлнө гэж заажээ. 

Авто замын тухай хууль зөрчих, авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх бохирдуулах зэрэгт Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл ногдуулах юм байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn