МҮЭ-ийн холбоо, Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд сууна
2017.05.02

МҮЭ-ийн холбоо, Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд сууна

Энэ өдөр дэлхийн олон орны иргэд, хөдөлмөрчид тулгамдсан бэрхшээлтэй асуудал, хүрэх зорилгоо төр засгийн газар, ажил олгогч нартаа хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг билээ.

МҮЭ-ийн холбооноос Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй зохистой ажлын байрыг ажлын байр бүрт бүрдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангуулах, эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хийх эрхийг баталгаатай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахыг шаардсаар ирсэн.

МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан “Эрх ашгаа хамгаалъя” иргэд, хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн цуглаанаар тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар иргэдийн санал бодлыг сонсохыг зорьсон юм.

Тус жагсаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүрэлцэн ирж Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа шаардлагыг хүлээж авахаа илэрхийллээ. Ингээд энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж хамтран шийдэл олох саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Жагсаалыг нээж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үг хэлэв:

Энэ жагсаалыг хийх нөхцөлийг Монгол Улсын Засгийн газар бий болгосон. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн. Энэхүү хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг барилга, уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрийн насыг нэг өдрөөр ч  нэмэхийг эсэргүүцэж байна. 2016 оны 10 дугаар сараас хойш МҮЭ-ийн холбоо Монгол Улсын Засгийн газрыг ОУВС-тай зөв зүйтэй хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэсэн саналаа удаа дараа илэрхийлсэн. Харамсалтай нь ард иргэдийн амьдралыг дордуулж, аж ахуйн нэгжийг сөхрүүлж мэдэхээр заалт бүхий хөтөлбөрт хамрагдахаар урьдчилан тохиролцоод байна. МҮЭ-ийн холбооноос Засгийн газрыг  ОВУС-тай хамтран  хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс МҮЭ-ийн холбоо УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Мөн Засгийн газраас ОУВС-тай байгуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн заалтыг дахин эргэн харахыг шаардана. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардана.

 Мөн энэ үеэр ҮЭ-ийн холбоодын удирдлага болоод гишүүдийн зүгээс өөрсдийн дуу хоолойгоо төр засагтаа хүргэж байр сууриа индэр дээрээс илэрхийлсэн. Тухайлбал хөдөлмөрийн хүнд нөхцөл ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаагаа Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал илэрхийлээд УИХ-ын гишүүдийг нэг өдөр уурхайд ажиллах урилга илгээж байгаа талаараа энэ үеэр илэрхийллээ.

МҮЭ-ийн холбооноос дараах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргэж байна

Засгийн газрын зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж нийгмийн зөвшлийн талуудтай харилцан зөвшилцөлгүйгээр Олон Улсын Валютын Сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх урьдчилсан хэлэлцээг хийхдээ долоон төрлийн татварын хувь хэмжээ, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрч 2017 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлууллаа.

Засгийн газрын хүч түрсэн энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Өнөөдөр улс орон маань өр зээлтэй, төсвийн алдагдал ихтэй, нийгэм, эдийн засгийн хямралтай байгаагаас айл гэр, ард нийтээрээ бухимдалтай байгаа үед Засгийн газрын зүгээс төсвийн үрэлгэн зардал, тансаг хэрэглээ, захиргааны зардлыг бууруулах чиглэлээр бус иргэдийн төлөх татвар, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, тэдний бодит орлогыг бууруулах замаар төсвийн алдагдалыг нөхөх өрөөсгөл бодлого явуулж байгаа нь ҮЭ-ийн гишүүд, нийт иргэд, хөдөлмөрчдийн дургүйцлийг төрүүлж улмаар нийгэмд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй байдалд хүргэж байна.

Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг тэгшитгэн нэмэгдүүлэх талаар гаргасан шийдвэр нь хэт нэг талыг барьсан, амьдралаас тасархай хүн амын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, ажилгүйдэл, хүн амын дундаж насжилт, хөдөлмөрийн нөхцөл зэрэг бодит байдалд тулгуурлаагүй шийдвэр боллоо гэж эрс буруушааж байна.

Иймд Улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах болон эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.   

1.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг ноцтойгоор зөрчин ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дангаараа урьдчилан тохиролцолгүйгээр УИХ-аар  хүч түрэн батлуулсан тэтгэвэрийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ болон долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн хуулиудыг эргүүлэн татаж, хэлэлцээрийн биелэлтийг хангах арга хэмжээг 2017 оны 05 сарын 10-ны дотор авч хэрэгжүүлэх.

2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулж эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх арга хэмжээг шуурхай авах.

3.УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн баталгааг сайжруулах, шинээр ажлын байр бий болгох, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг нийгмийн зөвшлийн талуудтай гэрээ, хэлэлцээрийн түвшинд тохиролцсоны дагуу шийдвэрлэх, нийгмийн түншлэлийг бүх түвшинд бэхжүүлж ажиллах.

Шаардлагын хариуг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор МҮЭ-ийн холбоонд ирүүлээгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэн тэмцлийн дараагийн шатанд шилжихийг үүгээр мэдэгдэж байна.