Л.Болд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүллээ
2017.05.02

Л.Болд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүллээ

УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор өнөөдөр албан ёсоор бүртгүүллээ.  Өнөөдрийн дотор бүртгүүлсэн нэр дэвшигчдээс маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Ардчилсан намын гишүүд саналаа өгч 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчээ тодруулах юм.

Л.Болд гишүүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчид олноороо бүдрэхэд ялалт байгуулж парламентад орж чадсан 9 гишүүний нэг. Энэ ч утгаараа одоо Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр горилж байгаа улстөрчдөөс өнгөрсөн сонгуульд бүдрэлгүй парламентад орж чадсан цорын ганц өрсөлдөгч юм.

Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, парламентын цөөн тооны тулхтай гишүүдийн дотор багтдаг Л.Болд санал асуулгад оролцохоор бүртгүүлэхдээ хэлсэн үгийг хүргэж байна.

Үзэл санаа нэгт эрхэм нөхдийнхөө энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр дэвшигчээ орон даяар нийт гишүүдийн саналаар тодруулж дараа нь их хурлаараа баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь манай улс төрийн орчинд цоо шинэ, дэвшилтэт үйл явдал болж байна.

Ардчилсан нам өнөөдөр хямрал, шинэчлэлийн дундах адармаатай цаг үеийг туулж байна. Үүнтэй зэрэгцээд хяналтгүй болсон төрийн бодлого гажуудан иргэнээ биш даргыг ачилж, ардчиллын үнэт зүйлс гундаж байна.

Энэхүү эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам зөв хүнээ дэвшүүлж нэгдэн нягтарч чадвал намдаа төдийгүй ард түмэндээ ялалт авчрах үндэс болно.

Миний бие 1990 оны Ардчилсан хувьсгалын их түрлэгт оюутан залуусынхаа хамт нэгдэн орж улмаар Монголын Ардчилсан Намыг байгуулалцсан үеэсээ хойш өнөөг хүртэл ардчиллын үзэл санаа, Ардчилсан намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж ирсэн билээ.

Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.

Би Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг тээгч Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбаруудад Ардчилсан намын бодлогоор томилогдон ажиллаж үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн хэрэгт бэлтгэгдсэний хувьд Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглаж, монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавьж, ашигт малтмал мал аж ахуйн орноос оюунлаг, мэдлэгжсэн Монгол болон хувирах баттай эхлэл, үзэл номлол, хандлагыг бий болгон  Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.

Санал асуулгад өрсөлдөхөөр бүртгүүлж буй журмын нөхдөдөө амжилт хүсье.

Та бидний шударга өрсөлдөөн Монголын ард түмэнд ялалт, Ардчилсан намд сэргэн мандалтыг авчрах болтугай.

Ардчилсан намын мянган мянган гишүүд та бүхэндээ энэхүү түүхэн чухал санал асуулгадаа идэвхитэй, хариуцлагатай оролцохыг уриалж байнa!” гэсэн юм.