Баттөмөр.Б 2017.05.02 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахад асуудал алга

Б.Баттөмөр: Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахад асуудал алга
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.05.02/ 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явцын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. 

Мэдээллийг сонссон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр саналаа дэвшүүлсэн юм. 

Б.Баттөмөр: Төрийн өмчийн компаниудыг хувьчлахдаа IPO гаргах, дуудлага худалдаа явуулах гэсэн хоёр хэлбэрийг ашиглаж болох талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ярилаа. Жижиг компаниудыг дуудлага худалдаагаар дамжуулж хувьчилж болох юм л даа. Гэхдээ дуудлага худалдаа гэдэг бол баян, хоосны ялгааг эрс гааруулсан гэж боддог.

Сүүлийн үеийн судалгаагаар, Монголын хүн амын 92 хувь нь ядуу байна гэдэг. Тиймээс хувьчлал явуулахдаа нийгмийн үнэ цэнийг бүтээх, дундаж давхаргыг бий болгох, иргэдийг хөрөнгийн зах зээлийн оролцогч болгох урьдач нөхцлийг бүрдүүлэх шаардлага бий гэж харж байна.

Бүгдийг хувьчилж, татвар ав гэсэн зарчим баримтлах нь зүйтэй гэдэг. Гэхдээ энэ бол худлаа зарчим. Хувьчлал явуулахад төр бүү оролц гэж жишээтэй. Төрийн зохицуулалт хаана ч хэрэгтэй. Төрийн зохицуулалтгүй эдийн засаг хаана ч байхгүй. Тиймээс төрийн өмчийн холимог оролцоотой, төрийн зохицуулалттай хөгжих ёстой гэж бодож байна.

Төрийн зохицуулалт хийхэд боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа юм. Төрийн албан хаагчдыг томилоход ямар нэгэн шахалт орсон байдаг гэх зэргээр бодит байдлыг Ц.Ням-Осор дарга ярьж байна л даа. Монголын төрд хамгийн чадвартай, хамгийн эх оронч хүмүүс ажиллаж байж Монгол Улс хөгжинө.

2014 онд 79 тэрбум төгрөгийн орлого олж, 84 тэрбум төгрөгийн зарлага гаргасан. 2015 онд 102 тэрбум төгрөгийн орлого, 104 тэрбум төгрөгийн зарлага, 2016 онд 105 тэрбум төгрөгийн орлого, 111 тэрбум төгрөгийн зарлага гэх зэргээр орлого нэмэгдэх тусам орлогоосоо давсан зарлага гаргаж байж. Ийм байж болохгүй. Төрийн өмчит компаниуд ийм менежменттэй ажиллаж байгаа цагт бид хөгжлийн тухай яриад хэрэггүй.

Зөвхөн улсын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд биш бүх түвшинд боловсон хүчний шалгуурыг өндөр тавих хэрэгтэй байна. Орон нутгийн өмчит 160 аж ахуйн нэгжийг аваад үзэхээр 94 нь алдагдалтай ажиллаж байна. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийг хувьчилъя. Том аж ахуйн нэгжүүдийг хямралын хувьд хувьчилж хэрэггүй гэж байгаа ч жижиг компаниуд үүнд хамаарахгүй шүү дээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn