Бат-Эрдэнэ.Б Энхболд.Н Сарангэрэл.Д Энх-Амгалан.Б Цогзолмаа.Ц Оюундарь.Н Цогтбаатар.Д А.Сүхбат 2017.05.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүд байлдааны буудлагатай хээрийн сургууль үзэж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүд байлдааны буудлагатай хээрийн сургууль үзэж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр (2017.05.02)Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа анги салбаруудад, онцгойлон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллалаа.  

Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, А.Сүхбат, Д.Цогтбаатар нар оролцов.

УИХ-ын гишүүд эхлээд мотобуудлагын батальоны хаврын ээлжит байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, үргэлжлүүлэн ар талын анги, салбаруудын тусгай тактикийн хээрийн сургууль, тусгай ажиллагааны үзүүлэх сургуулийг үзэж, Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцав.

Дараа нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд УИХ-ын гишүүдэд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ талаар “Өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль үзэж, НҮБ-ын мандат дор болж буй үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулах марш тактикийн гурван төрөлт уралдааны бэлтгэлтэй танилцлаа. Мөн Зэвсэгт хүчний салбарт тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар мэдээлэл авлаа.

Сургалтын төвд осол гарч, цэргийн албан хаагчид амь насаа алдсантай холбогдуулан УИХ-ын гишүүд зарим асуудлыг тодруулж, нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл авсан. УИХ Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлага болдгийн хувьд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үүргийнхээ дагуу өнөөдөр ажилласан.

Ээлжит хяналт хийж, үйл ажиллагаатай нь танилцсанаар төсөв хөрөнгө, гадаад бодлогын асуудал, зэвсэгт хүчний анги, ялангуяа инженерийн анги салбаруудыг олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах томоохон зорилтын талаар мэдээлэл авлаа. НҮБ-д Монгол Улсын амласан амлалт байдаг. Үүнийгээ хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Мэдээж бэлтгэл сургуулилтыг сайжруулах, шаардлагатай зэвсэг техникээр хангах, эх орноо батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зэрэг олон асуудлыг тойрч ярилцлаа” гэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд гишүүд ийнхүү бүтэн өдөр ажиллаж, Зэвсэгт хүчний салбарын үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.