Эрүүл мэндийн даатгалын сан бие дааж, иргэнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх үү?
Хагалгааны үеэр
2017.05.03

Эрүүл мэндийн даатгалын сан бие дааж, иргэнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэх үү?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.05.02/ Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. 

Энэ асуудлаар эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, ажлын дэд хэсэг байгуулагдан ажиллаж, "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого" сэдэвт томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм. Энэхүү хэлэлцүүлгээс гаргасан санал, зөвлөмжийг тусгасан байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсанаа энэ үеэр танилцуулсан. 

Тогтоолын төсөлд орсон зарим зүйл заалтын хүрээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг хэд хэдэн чухал асуудал хөндлөө. Тэрээр уг тогтоолын төсөлд эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийг асуудлыг түлхүү тусгаад иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, өртөг багатай хүргэх талын зохицуулалт ороогүй байна гэж шүүмжлэв.

С.Чинзориг: Эрүүл мэндийн салбар нөөц боломжоо хэр дайчилж байна?

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн асуултын хариу болгож, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Г.Цогцэцэг, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нарын хооронд мини хэлэлцүүлэг өрнөлөө.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн асуудлыг ярихаар салбар дундын зөвшилцөл, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй болохыг УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолж байлаа. Ер нь эрүүл мэндийн даатгалын санг бие даасан хэлбэрт оруулна гэхээсээ урьдач салбарынхаа нөөц боломжийг хэр дайчилж байгаа талаар Эрүүл мэндийн сайд, холбогдох албаны хүнээс тодруулсан. Энэ салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл онцгой үүрэг, ач холбогдолтой

Улсын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна гэж гомдоллохын оронд материаллаг бааз суурь нь хэдийнэ бэхжсэн хувийн эмнэлгийг дэмжих тал дээр ямар бодлого барьж байгааг салбарын сайдаас лавлалаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ярихад энэ салбарын боловсон хүчний асуудал зайлшгүй хөндөгддөг. Тэгвэл чанартай эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх тал дээр яамнаас ямар бодлого барьж байгааг ч асуусан юм.  


Л.Энх-Амгалан: Иргэдийн халааснаас гарч буй мөнгийг багасгах бодлого барьж байна

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан, олон улсын зээл тусламжаар санхүүжүүлж байна. Судалгаагаар иргэд эмнэлгээр үйлчлүүлж буй нийт зардлынхаа 60-аад хувийг өөрөөсөө, 40-өөд хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа нь тогтоогдсон. Энэ нь олон улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.

2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар иргэдийн төлж буй мөнгийг багасгах, тусламж, үйлчилгээний чанар, стандартыг шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм. Өнөөдөр эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

Тохиолдолд суурилсан төлбөрийн арга гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг тооцож санхүүжүүлэхийг хэлнэ.


А.Цогцэцэг: Улсын төсвөөс улсын, хувийн эмнэлэгт өгдөг санхүүжилтийг ижил түвшинд аваачъя

Улсын хэмжээнд амьсгалын зам, цусны даралт ихсэх, хавдар, осол, гэмтлээс үүдэлтэй өвчлөл тэргүүлж байна. Эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүнд Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа чиглэх юм. Боловсон хүчний тухайд, жилд 1027 эмч төгсөж байна. Үүнээс 478 нь ажлын байртай, үлдсэн 600 орчим хүн ажлын байргүй байна. Тиймээс эрэлтэд суурилсан хэрэгцээ гэсэн зарчмаар боловсон хүчний бодлого хэрэгжүүлж байна. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг

Эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж байгаа нэг асуудал бол хувийн хэвшлээ дэмждэггүй, олон жил хаясан явдал юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг оновчтой хэрэгжүүлбэл Улаанбаатарт эмнэлэг шинээр барьж байгуулах шаардлагагүй. Тиймээс хамтын ажиллагаа маш чухал байна.

Гемодиализийн тусламж, үйлчилгээг иргэдэд зардал, чирэгдэл багатай хүргэх үүднээс хувийн эмнэлгүүдэд улсаас санхүүжилт олгож, улсын эмнэлгийн ачааллыг хуваалцсан нь энэ салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн анхны тохиолдол байлаа. 

Цаашид өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хувийн эмнэлэгт аль болох зардал багатай үзүүлэх, улсын, хувийн гэлтгүй эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг санхүүжилтийг ижил түвшинд хүргэе гэсэн зарчим барьж байна. Иргэн ямар эмнэлгээр үйлчлүүлэх тэр хүний эрх. Энэ эрхийг эдлүүлэхийн тулд зоригтой алхам хийх ёстой.

Нөгөө талаас өвдсөний дараа эдгээх биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд түлхүү анхааръя гэдэг үүднээс Нийгмийн эрүүл мэндийн төвийг аймаг бүрт байгуулахаар ажиллаж байна. 


Д.Төмөртогоо: Байгууллага биш иргэнээ дагасан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо үйлчлэх ёстой

Улсын төсвийн санхүүжилт эрүүл мэндийн нийт санхүүжилтийн 70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл иргэнээ дагаагүй эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо үйлчлэхгүй байгаа учраас тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа нь доголдож байна.

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо

Эрүүл мэндийн тогтолцооны хамгийн том гажиг бол санхүүжилт юм. Эрүүл мэндийн салбар үндсэндээ хоёр эх үүсвэрээс санхүүждэг. Нэг нь улсын төсөв, нөгөө нь эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дэлхийн жишигтэй ойртож, худалдан авалтын хэлбэр рүү шилжсэн гэж хэлж болно.

Харин улсын төсвийн санхүүжилт уламжлалт буюу орцонд суурилсан хэдэн эмч, хэдэн сувилагчтай гэдэгт нь тааруулж, мөнгө хуваарилдаг тогтолцоо хэвээр үйлчилж байна. Энэ нь нэг ёсондоо байгууллага дагасан санхүүжилтийн тогтолцоотой гэсэн үг.

Чанартай ч бай, чанаргүй ч бай үйлчилгээ үзүүлж байгаа болохоор тогтсон санхүүжилт олгодог одоогийн тогтолцоог халж, худалдан авалтын хэлбэр рүү оруулах шаардлага урган гарч байна. Энэ хэлбэр рүү шилжихийн тулд Сангийн яамтай зөвшилцөх хэрэгтэй.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд тохиолдолд суурилсан төлбөрийн аргыг тусгаж өгсөн байдаг. Энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд тохируулга хийх шаардлагатай.

Ингэснээр сум, өрх гээд анхан шатнаас эхлээд хоёр, гурав дахь шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах болно гэж бодож байна.