Энхбаяр.Ж Энх-Амгалан.Б 2017.05.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ

Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх  асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03)  хуралдаан 09 цаг 30  минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцов.

Уг хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй.

Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан болно гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийн талаарх санал, дүгнэлтийг  тус тус танилцуулаа. Хууль зүйн байнгын хорооноос энэхүү хэлэлцээрийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн байв.

Хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асуув. Гишүүдийн хувьд хэлэлцээрийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад ял эдэлж байгааг сонирхов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар хилийн чанадад 14 улсад  Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ” гэж хариуллаа.

Хуралдааны төгсгөлд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.