Болд.Л 2017.05.04 | Сонин: Өглөөний сонин

Л.Болд: Сүүлийн үед эрх зүй, хүний эрхийн салбарт олон ухралт гарч байна

Л.Болд: Сүүлийн үед эрх зүй, хүний эрхийн салбарт олон ухралт гарч байна
УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны төлөөлөл, хуульчид болон хүний эрхийн байгууллагын төлөөлөл, салбарын эрдэмтэд оролцлоо.

Хэлэлцүүлгийн нээж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид энэ хуулийг өргөн хүрээнд хэлэлцэж зөв шийдлүүдийг гаргах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор мэргэжлийн судлаачдын болон намын гишүүдийн зарчмын зөрүүтэй олон байр суурь бий. Тиймээс хэлэлцүүлгийн явуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хэлэлцүүлэгт Ажлын хэсгийг удирдаж байгаа хүмүүс оролцож байгаа нь зөв. Учир нь бид аливаа хуулийг батлан гаргахдаа яг мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг заавал тусгаж байх ёстой. Эдгээр хууль зөвхөн улс төрийн буюу олонхийн, цөөнхийн шийдлээр гарч болохгүй. Нийгмийн бүх давхрагийг хамарч байгаа. Тиймээс ч бид энэ асуудалд анхааралтай хандах ёстой" гэв. Түүнчлэн тэрбээр "Хуучин байцаан шийтгэх гэдэг хуулийг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болгон шинээр орж байна. Шүүх хэлэлцээд, хэрэг ойлгомжгүй бол буцаагаад явуулдаг байдлыг болиулах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох, иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа гэх мэтээр иргэний эрхтэй холбоотой олон заалт ойлгомжгүй байна.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Л.Болд гишүүн томилогдон. Энэ хүрээнд Л.Болд гишүүн холбогдлох салбарынхантай уулзаж, санал солилцсон. Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэгт олон талын төлөөлөл оролцож байна" гэсэн юм.

Харин Ажлын хэсгийн ахпагч, УИХ-ын гишүүн Л.Болд “Сүүлийн үед УИХ дээр эрх зүйн болон хүний эрхийн салбарт гарч байгаа нэлээд олон ухралтууд гарлаа. Тиймээс ч хэвлэлийнхэн сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр эв нэгдлээ илэрхийлж, тэмцлийн тодорхой хэлбэрийг сонгож, цочроо өглөө. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн маань “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тэмцлийн ялалтаар, амжилтаар угтаж чадсанд би маш их баярлаж байгаа. Энэ цаг үед та бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хүрээнд нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийж байна. Өмнөх параламентын үөд эрх зүйн шинэчлэллийн үндсийн үндэс болсон Эрүүгийн цогц хуулийг шинэчлэн баталсан ч эцсийн найруулга хийж амжаагүй. Сонгуулийн дараа өмнөх их хурал хаалтын чуулганаа ч хийх эрэхгүй үндсэндээ ордноос хөөгдөөд гарсан. Түүний нэг том хар гай нь баталсан хуулиа эцсийн найруулгыг хийж чадаагүй явдал юм. Сонгуулийн дараа эрх баригчид эдгээр хуулийг буцаан татсан. Тухайн үед Ардын намын гишүүд ер нь энэ хуулиудыг бүхэлд нь буруу гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан.

Ялангуяа энэ хуулийн амин сүнс нь болсон гол ололтууд буюу хүний эрхтэй холбоотой заалтуудыг үгүйсгэж байгаагаа мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр өргөн баригдаж байгаа хуулиуд тодорхой ухралттай байсан. Түүнчлэн дээр нь УИХ дээр Засгийн газрын өргөн барьсанаас ч хүнд нөхцөл байдлаар хуулиудыг гаргаж байгаа. Энэ нь хүний эрхийн хүрээнд маш том ухралт болж байгаа нь үнэхээр харамсалтай" гэсэн юм.