Содбаатар.Я 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Төрийн албанд улстөржилт үүсэх вий гэж болгоомжилж байна

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар төрийн албаны албан тушаалтнуудын улстөржилтийн талаар асуулаа.

Я.СОДБААТАР: АЖЛЫН БАЙРНЫ ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ НЭГ ХҮНД ЗОРИУЛЖ ГАРГАДАГ.

“Төрийн албаны тухай хуулийг өнөөгийн цаг үетэй уялдуулан шинэчлэх шаардлага гарч байна.

Нэгдүгээрт, төрийн албаны удирдах албан тушаалд тавьж байгаа хүмүүст ажлын байрны тавигдах шаардлага гэж байдаг. Энэ бол сүүлийн жилүүдэд маш их алдагдаж байна. Яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаал гэхэд тухай яамны салбарын бус хүнийг тавьдаг. Нэг хүнд зориулж ажлын байрны тавигдах шаардлага гаргадаг. Энийг хуульчилж өгж, тодорхойлох хэрэгтэй. Энэ шинэ хуулиар тусгай шалгалт авна гэж байна. Төрийн албанаас авдаг байсан энэ шалгалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар авдаг болж байна. Ямар үндэслэлээр ингэж өөрчилсөн бэ? Төрийн албанд улстөржилт үүсэх вий гэж болгоомжилж байна.

Хоёрдугаарт, төрийн албанд тогтвортой ажиллах асуудал маш чухал. Төрийн албыг улстөрийн шалтгаанаар их хөдөлгөж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг үгүй хийж байгаа нь монголын төрийн чадавхийг сулруулахад хамгийн том хүчин зүйл болж байна.

Гуравдугаарт, төрийн албаны шийдвэр гаргах процессын талаар тодорхой хуульчилсан зүйл байна уу? Тухайн шатандаа шийдэгдэх асуудлууд дээд шат руу орох нь их. Үүнийг дагаад хүнд суртал бий болдог. Эргээд бидний яриад байдаг авилгал бий болгон үндэслэл болж байна. Төрийн албаны гаргаж байгаа шийдвэр гаргалтын процессыг хуульчилж өгсөн үү?”

Д.ТОГТОХСҮРЭН: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮҮРГИЙГ ХЯНАН ШАЛГАХ КОМИССИЙН ЧИГЛЭЛЭЭР ГОЛЧЛОН ОРУУЛСАН.

“Төрийн албаны тухай төслийн 22, 23-р зүйлд төрийн албанд орох шаардлагыг тодорхой тусгасан. Нийтлэг шаардлага дээр авилга, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орох хэргийг хаах зүйл нэмж оруулсан.

Шалгалтын тухайд нөөцийн болон албан тушаалтны шалгалт гэж 2 ангилсан. Нөөцийн шалглатыг төрийн албаны зөвлөл зохион байгуулна. Нөөцийн албанд шалгалт өгч байгаа залуучуудад ямар нэгэн тусгай шаардлага тавихгүй. Өмнө нь албан тушаалаар шалгалт авдаг байсан учир ажлын туршлага заавал шаардаг байсныг болиулсан. Тусгай шалгалтын хувьд тухайн албан тушаал дээр тавигдах шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулалт хийнэ. Төрийн албаны тухай хуулийн нэг том концепцийн өөрчлөлт нь төрийн албаны зөвлөлийг хянан шалгах комиссийн чиглэлийн үүргийг голлож оруулсан. Өөрөөр хэлбэл төрийн албаны сонгон шалгаруулалт шударга явагдаж байгаа эсэхийг шалгадаг. Төрийн албан хаагчийг халсан шийдвэрт гомдол ирвэл шалгалт хийдэг. Зөрчил илэрвэл шийдвэрийг хүчингүй олгоно.

Энэ хуулиар төрийн албан хаагчдын эрхзүйн үндсийг тодорхойлж байгаа учир шийдвэр гаргах процессыг энэ хуулиар зохицуулаагүй.”