Содбаатар.Я 2017.05.05 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: 3 жилд нэг удаа жишиг үнэ тогтоох хэрэгтэй

2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд хэдэн санал дэвшүүллээ.

Я.СОДБААТАР: ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

Нэгдүгээрт, жишиг үнийн асуудлыг хуулиндаа оруулж болохгүй юу? Яг адилхан нөхцөлдтэй 2 замыг өөр үнээр барьдаг. Тэр нь эргээд иргэдийн хардалт, сэрдэлтийг дагуулдаг. 2010 онд би мэргэжлийн хяналтын дарга байхдаа 230 сая гэж гаргаж байсан. Гэвч тэр одоо болтол өөрчлөгдсөнгүй. Салбарын хөгжил, аж ахуйн цаашдын бодлогыг бодож үзсэн ч тэр Засгийн газрын бодлогын чиг үүрэг дотор оруулах хэрэгтэй. 3 жил тутамд нэг удаа жишиг үнэ зарлах хэрэгтэй.

Хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулж байна. Төсөвт тусаагүй мөнгөөр гол орцоо авахуулж байна. Энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын ашигтай холбоотой, үндсэн технологийн орцтой холбоотой зүйлсийг аймаг нийслэлийн даргын бүрэн эрхийн чиг үүрэгт оруулж өгч болохгүй юу? Улирлын чанараас шалтгаалан аж ахуйн нэгжүүд тухайн ажлаа цаг тухайд нь хийх хүндрэлтэй байгаа. Бодит практик дээр тулгуурлан аж ахуйн нэгжүүдээс санал авч хууль тусгах боломжтой юу?

Гуравдугаарт, техник технологийн шинэчлэлт, норм, нормативын баталгаажуулалтын асуудлыг хаана оруулж байгаа вэ?

Дөрөвдүгээрт, хяналт, хариуцлагын асуудал их байна. Төрийн бодлого өөрчлөгддөг, зураг төсөл өөрчлгөддөг, урьд нь батлагдаад явж байсан зураг төслөөс санаатай болон санамсаргүйгээр өөр хийдэг тохиолдлуудад хариуцлага тооцооч ээ. 9-хөн зүйлээр хариуцлага тооцож байна. Хариуцлагын хэсгийг дахин нарийвчилж тусгах боломжтой юу? Хяналтын хэсэг хамгийн их маргаантай байгаа салбар бол автозам.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАМ БОЛГОНЫГ ИЖИЛ ҮНЭЭР БАРИХ БОЛОМЖГҮЙ

“Үндсэндээ дэндүү зөрүүтэй зам бариад байгаа хүмүүст л хариуцлага тооцох ёстой. Тухайн газар нутаг, хөрсний онцлог, уул даваа болгоныг тооцож эдийн засгийн тооцоолол гаргаж байж, түүний үндсэн дээр замын өртөг гардаг. Хэвшмэл норматив гаргавал замын үнэлгээ буруу болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд замбараагүй зөрүүтэй санлууд гарч ирсэн.

Алт ухах гэж байгаа юм шиг орон нутагт хүндрэл үүсгэж, илүү ажил хийлгэж, дарамт татварыг авч байдаг. Ажлын хэсэг ярилцаад тусдаа хуулинд нь тусгах хэрэгтэй гэж санал нэгдсэн.

Техник технологи, норм, нормативыг хуулинд тусгаж болохгүй. Цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогддог болохоор, салбарын сайдууд тодорхой журмуудаар батлаад явах хэрэгтэй.”