УИХ-ын гишүүн Л.Болдын асуулгын хариуг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэлээ
2017.05.05

УИХ-ын гишүүн Л.Болдын асуулгын хариуг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.05/ эхэллээ. 

Уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд нар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тухайд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэг долоо хоногоор хойшлуулах санал гаргалаа. 

Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч, уг хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Болд өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн УИХ-ын 27 дугаар тогтоолын дэд заалтыг хүчингүй болгосон талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. 

Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулж, ялалт байгуулсан АН-ын гишүүдийг ажлаа хийх боломжоор хангахыг дахин шаардлаа. Тэрээр Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн зарим сумдын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, ардчиллын зарчмыг хангуулахаар Ерөнхий сайдад агуулга тавьсан байдаг. 

Энэ асуулгын хариуг УИХ-аар хэлэлцүүлэхийг удаа дараа хүссэн ч одоо болтол биеллээ олоогүй юм. УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж өгөхийг хүссэн боловч энэ долоо хоногийн Баасан гараг нь Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог өдөр бөгөөд УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох боломжгүй гэлээ.

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна.