2017.05.05

О.Содбилэг: Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн шинэ технологийн санаануудыг дэмжих хэрэгтэй

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг аюултай хог хаягдлын зохицуулалтын талаар асуулт асуулаа.

О.СОДБИЛЭГ: ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛДВЭР ӨРТӨГ ИХТЭЙ УЧИР ШИНЭ ТЕХНОЛОГИ ГАРГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

Нэгдүгээрт, хортой хүнд элементийн хог хаягдлыг яаж зохицуулж байгаа вэ? Жишээ нь, ашиглагдсан акумляторын хаягдал эрүүл ахуйд маш их хортой.

Хоёрдугаарт, хог хаягдлыг боловсруулах үйлдвэрлэлийн тухай төслүүд их яригдаж байна. Энэ хуулинд тэдгээр төслүүдийг яаж дэмжиж байгаа вэ? Хог хаягдлын үйлдвэр өртөг ихтэй. Орчин үеийн технологийг ашглаж хогийг ангилж, хэрэгтэйг нь гаргаж авах технологи яригдаж байна. Хуулиар хэрхэн дэмжиж байга вэ?”

Д.ОЮУНХОРОЛ: АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ

“Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгыг 2016 оны 05 сарын 18-ны өдрийн хуралдаанаар баталсан. Ажлын хэсэг байнгын хороон дээр байгуулагдаад явж байна. Энэ хуулийн гол зорилго бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ногоон хөгжлийн баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40%-д хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40% бууруулах зорилтыг тавьж ажиллаж байгаа.

Хүн амын төвлөрөл үүсч, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл болж жилээс жилд нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр 391 цэгт 2,1 сая тонн хаягдал цугларсан.

Зориулалтын бус газарт 107 мянган тонн хог хаягдаж байна. 91мянган га талбайг бохирдуулж байгаа судалгаа байна.

Гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81мянган тонн хог байна. Нэг өрхийн гаргаж байгаа хог ойролцоогоор 450кг байна.

Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах үйл ажиллагаа хангалтгүй байсан. Аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж манай улсад огт байхгүй. Энгийн хог хаягдалтай хамт хөрсөнд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байгаа.

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог боловч дахин боловсруулж байгаа хог хаягдлын хэмжээ дөнгөж 1%-тай байна.

Тиймээс 2012 онд батлагдсан хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин болвсрлуулах үйл ажиллагааг дэмжих эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулж өгөөгүй байсныг энэ хуулиар зохицуулалттай болгохоор оруулж ирж байна.

Иргэд хог хаягдлын боловсрол олгох ажил хийгдэхгүй байгаа учир хог хаягдалтай тэмцэх, дахин ашиглаж баялаг болгох талаар ахиц дэвшил гаргаж чадахгүй байсан. Тиймсээс иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар энэ хуулинд тодорхой заасан. Хууль тогтоомж зөрчсөн иргэн аж, ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлага сул байсан. Мөн зөрчлийг илрүүлсэн иргэнийг зохицуулалт байхгүй байсан.

Олон улсын түвшинд хог хаягдлын цогц менежментийг бий болгон хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа.

Одоо Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг байгуулах зорилгоор 3 байршлын 37,5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг Загсийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж байгаа.

Аюултай хог хаягдлын үйлдвэрийг барих, газар олгох асуудал дээр таатай ханддаггүй, зөвшөөрдөггүй.”