2017.05.05

Н.Учрал: Хөрсний болон агаарын бохирдолд баттерей хамгийн их нөлөө үзүүлдэг

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ахуй амьдралд ихээхэн хэрэглэгддэг хуруу зайн хор хөнөөлийг сануулж, инновацийн шинэ санаа гаргаж байгаа залуусыг дэмжихийг уриаллаа.

Н.УЧРАЛ: ИННОВАЦИЙН ШИЙДЛҮҮДИЙГ ТӨР ЗАСГААС ДЭМЖЭЭД, АХУЙ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

“Ахуйн хог хаягдал гэдэг дотроо тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлдэг гэх мэт тодорхойлсон мөртлөө бидний амьдралд байдаг, айл болгонд байдаг хуруун зай, баттерейг тоохгүй байна.

Хуруун чинээ биетэй ч хор хөнөөл ихтэй тэр баттерейнууд их байна. Баттерей дотроо мөнгөн ус, цайр, химийн элементийг агуулдаг. Хөрсөнд шигдхээрээ агаарт уусч задраад, бид түүгээр нь амьсгалж байна. Хөрсний бохирдол, агаарын бохирдолд баттерей хамгийн их нөлөө үзүүлдэг.

1 ширхэг хуруу зай 4 м кв талбайг бохирдуулж, 800мянган литр усыг бохирдуулж байна.

Энэ баттерейны асуудлыг яаж шийдэх вэ? Гадны улс орнууд баттерейн цэнэгийг дуустал нь хэрэглэдэг. Залуу зохион бүтээгч тэмцээнд орж байсан залуу надтай холбогдсон. Баттерейг шууд тэгэлдэг, хогийн савны дээр суулгадаг инновацийн бүтээгдэхүүний схем гаргасан байсан.

Утааг багасгахад, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд энэ мэт шинэ инновацын үйл ажиллагааг нэвтрүүлэх хэрэгтэй.

Инновацын энэ мэт шийдлүүдийг төр засгаас дэмжээд, ахуй амьдралдаа хэрэгжүүлээд үр хойчдоо хөрөнгө оруулах ёстой.

Дэлхий дахинд баттерейны асуудал хурцаар тавигдаж байхад манай улсад ахуйн хог хаягдлын тоонд оруулж байгаа нь дэндүү хоцрогдсон байна. Залуу зохион бүтээгчдээ дэмжмээр байна”

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН ЖАРГАЛСАЙХАН: АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЖАГСААЛТЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАНА

“Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүтэн бүлэг зүйл энэ хуулийн төсөлд орсон. Аюултай хог хаягдлын жагсаалтыг Засгийн газраас батлана.

Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг дэмжих, байгаль орчинд ээлтэй аргаар дахин боловсруулдаг зохицуулалтууд орсон. Өмнө нь энэ зохицуулалт манай улсад огт байгаагүй. Засгийн газраас Монгол Улсын хилээр орохыг хориглох, хязгаарлах бараа бүтээгдэхүүнийг батлана. Үүний дагуу үйлдвэрлэгдсэн газар нутагтаа ашиглагдаж байгаад хог болохын даваан дээр орж ирж байгаа бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглоно. Мөн үйлдвэрлэгч, импортлогч нь бүтээгдэхүүнээ хариуцдаг зохицуулалтыг бий болгож байгаа.”

Д.ОЮУНХОРОЛ: ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ БОХИРДУУЛАГЧ ӨӨРӨӨ ТӨЛНӨ

“Энэ удаагийн хуулиар хог хаягдлын цогц менежментийг бий болгох боломжит арга технологи, байгальд ээлтэй арга нэвтрүүлэх, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин, булшлах хог хаягдлыг бууруулах ач холбогдолтойгоор энэ хууль орж ирсэн.

Иргэн аж ахуйн нэгж байгууллага байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлын зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах, дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг боловсролыг олгох, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, чангатгаж өгсөн.

Жижиг хуруу зай болон машины аккумлятор аль аль нь хортой хог хаягдалд орж байгаа. Тиймээс хог хаягдлын төлбөр хураамжийг тооцохдоо бохирдуулагч нь төлөх зарчмыг баримталж байгаа. Тиймээс үйлдвэрлэсэн болон импортолсон бараа бүтээгдэхүүнийхээ хэрэглээнээс үүсэх сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. ”