Болд.Л 2017.05.09 | Сайт: Politik.mn

Л.Болд: Төр иргэдийн төлөө хийх хамгийн гол зүйлээ мартсан байна

Л.Болд: Төр иргэдийн төлөө хийх хамгийн гол зүйлээ мартсан байна

Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил” хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордны нээлттэй сонсголын танхимд боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ, Газрын харилцаа, гeодeзи, зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн eрөнхий төлөвлөгөөний газар, их дээд сургуулийн багш, судлаачид, иргэдийн төлөөлөл энэ хэлэлцүүлэгт оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон, УИХ-ын гишүүн Л.Болдын боловсруулж, өргөн мэдүүлсэн Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг авч үзлээ. УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үгийг хүргэж байна.


УИХ-ын гишүүний хувиар Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын нэг болсонтой холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэдийн санал бодлыг хуулийн төсөлд тусгах үүднээс энэхүү хэлэлцүүлгийг БХБЯ-тай хамтран зохион байгуулж байна. Өмнө нь энэ хуулийн төслөөр мөн хэд хэдэн хэлэлцүүлгийг явуулсан болно.

Юуны өмнө та бүхэнд хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулъя.

Өнөөдөр бид иргэдийнхээ идэвх чармайлт, бүтээлч зүтгэлийг ашиглахгүйгээр, тэдэнд ийм боломжийг нээж өгөхгүйгээр улс орон хөгжихгүй, урагшлахгүй нь улам л тодорхой болсоор байна. Иймд шаардлагатай хууль эрхзүйн баримт бичгүүдийг шинээр ба шинэчлэн боловсруулж, орон нутагт нэгэнт хэрэгжиж байгаа хөтөлбөр, санаачилгуудад тохируулан, уялдуулах замаар иргэдийн санаачилга, чармайлт, урам зоригийг нэмэгдүүлж, хөрөнгө, санхүүгийн бололцоотой бүхий л эх үүсвэрээр тэдний үйл ажиллагааг нь санхүүжүүлэн дэмжих замаар гэр хорооллыг хөгжүүлж иргэдийн амьдрах орчныг сайжруулж чадах юм.

Тодруулж хэлбэл энэ хуулийн төслийн гол зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот, суурин газрын инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэдийгээр Улаанбаатар хот 2013 оноос эхлэн Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч харьцангуй удаашралтай, шулуухан хэлэхэд ахиц дэвшил гарахгүй байна.

1-рт, дахин төлөвлөлтийг барилгын компаниуд гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл газрыг эзэмшигч, гэр хороололд амьдардаг айл өрхүүд хөндлөнгийн ажиглагч байдалтай байна.

2-рт, дахин төлөвлөлтөд шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүргийг орон нутаг хүлээсэн учир төсөвт маш их дарамт учруулж байна.

3-рт, санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна. Өнөөгийн бодит байдлыг товчхоноор дүгнэхэд нэг талаас  барилгын компаниуд, түүний цаад эзэд, нөгөө талаас өмчилсөн газар дээрээ өмч хөрөнгөтэй болж сайхан амьдрах гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл хоёр зөрчилдөж байгаа юм.

Дээрээс хэт зохицуулсан, хувь хүний эрх ашгийг өөр этгээд төлөөлсөн агуулга байгаа учраас л ажил урагшлахгүй байгааг та бүхэн харж байна.

Гэтэл иргэдэд ялимгүй итгэл олгож, дэмжлэг үзүүлвээс, тэдэнд санхүүгийн эх үүсвэр олгодог байгууллага, банкны шинэ тогтолцоог бий болгон хуульчилж чадваас бүх зүйл өөрөө тогтнох учир бас бий. Айл өрхүүд цөөн хэдээрээ нийлж нэгдэн орон нутгийн захиргааны дэмжлэг, батлан даалтаар зээл авч мэргэжлийн байгууллагаар барилга бариулан суурьшил үүсгэсэн бодитой түүх, туршлагыг бид ашиглах учиртай.

Олон улсад ч энэ талын туршлага амжилттай хэрэгжиж байна. БНСУ-ын Аньянь хотыг энд жишээ болгон нэрлэе. Төлбөрийн чадвар муутай айл өрхүүдийн нэгдэлд зээл, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг банк, зээлийн тогтолцооны загвар хэдийнэ бэлэн болж бодитойгоор хэрэгжиж байна. Олон улсын Нобелийн шагнал хүртсэн Бангладешийн Grameen банк үүний тод нотолгоо юм.

Иргэдэд зээл авч ахуйгаа өөд татах боломж бараг байхгүй, энэ дэмжлэг сүүлчийн боломж гэсэн сэтгэхүй энэ нэрд гарсан банкны үйл ажиллагааны амжилтын амин сүнс байжээ. Барилгын загвар, тэнд эрхэлж болох аж ахуй, үйлчилгээний газрын хямд төсөр загварууд бэлэн, түүнийг барьж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд нь ёс суртахуунтай, оршин суугч иргэд төслийн бүх үйл явцад оролцдог байхаар журамлаж хуульчилбал асуудал маш цэгцтэй шийдэгддэгийг БНСУ-ын Urban development act, Living Environment Act зэрэг баримт бичгээс харж болно.

Тэгэхээр өнөөдрийн энэ цаг үе бол хариуцлагатай шийдэл, шийдвэр гаргах чухал үе юм.

Төр иргэдийн төлөө шийдвэр, шийдлүүдийг гаргах хүсэлтэй, гаргаж байгаа мэт боловч хамгийн гол зүйлээ мартсан байна. Тухайн газар орчинд хүн, иргэд амьдардаг, тэд л энэ газар орчныхоо хөгжлийг авч явах эзэд нь гэдэгт тоомсоргүй хандсаар иржээ. Тэдний өмнөөс төр шийднэ, тэдний өмнөөс том аж ахуйн нэгж барьж байгуулна, тэдний өмнөөс орон нутгийн засаг захиргаа ажиллана гэсээр иргэдээ жижигрүүлж, хамгийн гол нь тэднийг сонсохгүй, тоохгүй, авч хэлэлцдэггүй болтлоо дөжирсөн цаг үе бол өнөөдөр юм. Энэ байдлыг хот суурин газрын иргэдийн  өнөөдрийн аж байдал бэлхэн харуулж байна.

Одоо Улаанбаатарын нөхцөл байдлыг дахин харж үзье.

Нийслэлд хийгдэж буй дахин төлөвлөлт хэт нүсэр, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, хот болоод улсын төсөвт ихээхэн дарамт үзүүлж байгаа.

Гэр хорооллыг хөгжүүлэхэд 10-100, түүнээс ч олон өрхийн хэмжээнд цомхон төсөл байхаар, ойрхон амьдардаг эдгээр айл өрхүүд эвлэлдэн нэгдэж, аж ахуй хөтлөн амьдрах орчноо сайжруулах боломжийг хангах санаачилгыг дэмжих замаар хийх боломж бий.

Ерөөс саахалт айлын санаа нэг гэж манай ардын сайхан үг бий шүү дээ. Эрт цагаас саахалтын айлууд санаа нэгдэж, айл хотлоороо ахуй амьжиргааныхаа бүхий л асуудлыг шийдэж, байгалийн шалгарлыг даван туулдаг байсан уламжлал өнгөрсөн зууны сүүл үеэс монголчуудын дунд хотжих үзэгдэл газар авснаас болж мартагдах шахаад байгааг сануулья.

Ердөө үүнийг л эргэн сануулаад байгаа хэрэг. Тэрхүү саахалтын айл өрхүүдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд газар, үл хөдлөх хөрөнгийг нь оруулж амьжиргааны чанарыг нь дээшлүүлэх зорилгоор гэр хороололд инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулахын тулд энэхүү Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Одоо хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тодорхойлоё.

Гэр хорооллыг хөгжүүлэх санаачилгын гол хөдөлгөгч хүч нь тухайн орчинд амьдарч буй 10-100, түүнээс ч олон айл өрхийн хүсэл зоригоор байгуулагдсан нэгдэл байна.

Энэ нэгдэл өөрсдөдөө хангалттай хэмжээний орон сууц, түүнийг дагасан үйлчилгээ аж ахуйн обьектууд бүхий төсөөлөл, төсөлтэй байх учиртай. Уг төсөл санаачилгыг мэргэжлийн болон ийм ажилд сонирхолтой сайн дурын хамтлагуудын тусламжтайгаар холбогдох тооцоо үндэслэлийн хамт боловсруулна. 

Энэ санаачилгыг орон нутгийн удирдлага экологийн болон дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтөд харшлахгүй тохиолдолд баталгаажуулан хэрэгжих батлан даалтыг гаргах үүрэгтэй байвал зохино. Батлагдсан зураг төслийг санхүүжүүлдэг банк, хандив, улсын төсвөөс эх үүсвэртэй сан байж болно. Төсөл, төсөв нь батлагдан шийдэгдсний дараа барилгын мэргэжлийн байгууллагууд барьж гүйцэтгэн дууссанаар төслийн үндсэн үйл ажиллагаа эхэлнэ. Иргэдийн нэгдэл нь байр сууцаа түрээслэх, илүүдлийг зарж борлуулах, төсөлд заасан өөр бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулах замаар анхны хөрөнгө оруулалтыг буцаан төлнө. Иргэд өөрсдийн амьдрах орчныг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх, цаашид өвлөн үлдээх эд хөрөнгөтэй болох нь энэ хуулийн төслийн үндсэн санаа юм.

Гэр хорооллын хөгжлийн төсөл хэрэгжих газрын хэмжээ нь нэг га-аас томгүй, төсөвт өртгийн хэмжээ нь таван тэрбумаас илүүгүй, үргэлжлэх хугацаа нь 15-20 жил байвал зохистой гэж үзлээ. Уг төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоодын донор байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандиваар үүсэх сан болон уул уурхайн орлогын тодорхой хувь, том аж ахуйн нэгж байгуулагад үзүүлэх татварын хөнгөлөлт зэрэг төсвийн орлогоос бүрдэх эх үүсвэр, банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээс бүрдэж болох юм.

Гэр хорооллын хөгжлийн энэ бичил хувилбарыг аймаг, нийслэлийн иргэдийн хөдөлгөөн болгон дэмжүүлэх санаачилгууд амин чухал юм. Иргэдийн идэвх, оролцоог аливаа зуучлагчгүйгээр, төрийн хүнд суртал, арилжаа, ашиг хонжооны талбарын нөлөөлөлгүйгээр шууд дэмждэг механизмтай байх нь гэр хорооллын хөгжлийн ирээдүй юм. Энэ бүгдийг санхүүжүүлдэг, эргэн төлөгдсөн мөнгөн эх үүсвэрийг ил тодоор зарлаж эргэн хөрөнгө оруулдаг санхүүгийн тунгалаг тогтолцоо ч энэ шинэчлэлийн чухал хэсэг нь байх юм.

Хуулийн төсөл нь 6 бүлэгтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан болно. Үүнд:

1/ хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, төрөөс гэр хорооллын хөгжилд баримтлах зарчим;

2/ Гэр хорооллын хөгжлийн талаар төрийн болон нутгийн байгууллагуудын эрх;

3/ Гэр хорооллын хөгжлийн төсөл, түүний хэрэгжилт;

4/ төсөлд оролцогч талуудын эрх, үүрэг;

5/ хяналтын тогтолцоо

6/ хариуцлагын талаар тус тус авч үзсэн болно.

Гуравдугаарт, Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн ур дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг та бүхэнд танилцуулья.

Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүн бий болно. Үүнд:

1/ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ;

2/ газар өмчлөлийн бодлогын хэрэгжилт эрчимжиж, иргэд амьдрах арга ухаанд суралцаж, урам зоригтой хөдөлмөрлөж, хойч үедээ үлдээх өв хөрөнгөтэй болох зөв хандлагыг бий болгоно;

3/ хот, суурин газрын хөрс, агаар, усны бохирдол буурч экологийн тэнцвэр хадгалагдах, эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ;

4/ иргэдийн хэрэгцээ, шаардлагад хүрэлцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх банк, санхүүгийн цоо шинэ, дарамтгүй, шууд тогтолцоо бий болж иргэдийнхээ ахуй амьдралын төлөө үйл ажиллагааг дэмжих орон нутгийн байгууллагын зүтгэл бодитой болно;

5/ Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон хот төлөвлөлтийн бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд нааштай нөлөө үзүүлж, гэр хорооллын хөгжлийн шинэ давалгааг эхлүүлнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа.