Гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болсныг онцоллоо
2017.05.10

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болсныг онцоллоо

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.

Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм.
Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэх юм.

Өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, уг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хийгдэх шинэчлэлийн асуудлыг хөндсөн үндсэн илтгэлүүдийг тавилаа.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдвээр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн НҮБ-ын Монгол дах Суурин зохицуулагч хатагтай Беати Транкманн “Тогтвортой хөгжлийн зорилтууд, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагаааны зорилтуудын хэрэгжилтийн уялдаа холбоог хангах олон улсын чиг хандлага” сэдвээр, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол          “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн дасан зохицох үндэсний хөтөлбөр”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Монгол Улсын явц”, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа: хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, “НҮБ-аас баримталж буй бодлогын зорилтуудыг Монгол Улс төрийн бодлого, хөтөлбөрт тусган эрх зүйн орчинг шинэчлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шадар сайдаас санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж  “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 2 дугаар сард баталж, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийг орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийх эхлэлийг тавьсан” гэж онцлон тэмдэглэлээ.

2016 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн агуулгыг тодорхойлсон юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай Парисын гэрээ” зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн, бодлогын ба институцийн зохицуулалтуудыг тодорхой зааж Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны үндсэн зарчмуудыг тодорхойлсон.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” илтгэлдээ “Цаашид эрх зүйн орчин, тогтолцоогоо бүрэн шинэчлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулж чиг үүргийг тодорхойлох, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төр-хувиин хэвшил, салбар дундын удирлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг оновчтой болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, орон нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, гамшгийн үеийн болон дараах хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтууд бидний өмнө тавигдаж байна” гэлээ.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хот суурин газрын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг 2018 онд Улаанбаатар хотноо чуулах Азийн сайд нарын бага хурлын хэлэлцэх үндсэн асуудал болгох саналаа хүргүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.