Ё.Баатарбилэг: Бүх түвшинд хариуцлага нэхэгдэж байна
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.10

Ё.Баатарбилэг: Бүх түвшинд хариуцлага нэхэгдэж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.05.10/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гиишүүн Ё.Баатарбилэг хэдийгээр УИХ, Засгийн газар солигдож дунд нь хэсэг хугацаанд ажил цалгардах, орхигдох зүйл гарч болох ч аль ч салбарт хариуцлага байхгүй байна гэж шүүмжилсэн юм. 

Тэрээр 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэний үндсэн дээр тогтоолын төслийг батлах нь зөв байх. Гэхдээ 2017, 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандаж болохгүйг анхаарууллаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас цаашид ямар бодлого барьж ажиллах, үйл ажиллагаагаа хэрхэн шинэчлэх талаар сонсохыг хүслээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Тогтоолын төсөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг тусад нь гаргана гэж орсон байна. Энэ сарын 12-нд "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг" эхэлж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, түүнийг дагалдаж гарах бусад хуулийн төслийг шинэчлэх танилцуулга Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу албан ёсоор эхэлж байгаа нь энэ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд тогтолцоог шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг нэгдсэн бодлогоор зохицуулдаггүйгээс асуудал үүсдэг. Тиймээс хуулийн дагуу хэлэлцүүлгийг нилээд өргөн хүрээнд зохион байгуулж, талуудын байр суурийг сонсож, асуудлыг шийдэх болно.

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоо, түүнд тавих хяналтыг сайжруулахгүй юм бол хариуцлагагүй, эмх цэгцгүй байдал даамжирч байна. Тухайлбал, хийсвэр бичилт хийсэн, сайдын гаргасан тушаалыг фотошоп-дож өөрчилсөн гэх мэт ноцтой алдаа дутагдал гарч байна.