Саранчимэг.Б Пүрэвдорж.Б Бат-эрдэнэ.Ж Ганбаатар.Ж Баттөмөр.Б О.Батнасан Дамба-Очир.Д 2017.05.11 | Сайт: Vip76.mn

Мөрөөдлийн жагсаалт байв уу?

Мөрөөдлийн жагсаалт байв уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.11/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сонслоо.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, О.Батнасан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нар асуулт асууж, үг хэллээ. 

Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон холбогдох яамдын албан тушаалтан, мэргэжилтнүүд хариулсан юм. Тэрээр өмнөх парламентын үед батлагдсан үндсэн чиглэл нь салбар дундын уялдаа холбоогүй, зарим заалт нь огт бүтэшгүй мөрөөдлийн гэмээр жагсаалт байсан гэлээ. 

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, зэс хайлуулах үйлдвэр барьж болох уу?

УИХ-ын гишүүн Дамба-Очир Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам хэзээ баригдах болоод зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д түшиглэн барьж болох зөвшөөрлийг Засгийн газраас олгохыг хүслээ.

Засгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд суманд буюу Оюу толгой ХХК-д түшиглэж, зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тэрээр Ханбогд суманд ийм төрлийн үйлдвэр байгуулах дэд бүтэц, нөөц боломж байхгүй гэж үзэж байна. Тиймээс 2000, 3000 хүн ажлын байр бий болох зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж байгуулж болно гэсэн зөвшөөрөл олговол хөрөнгө оруулалтыг шийдэж болно гэв. 

Түүний асуултад холбогдох яамны мэргэжилтэн хариулсан. Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийг Франц улсын тусламжаар барьж байгаа бөгөөд санхүүжилтийн хүндрэлээс болж түр зогссон  байсан бол одоо шийдэгдсэн учир 2017 оны 8 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.  

Харин Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам барих асуудлыг Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүрээнд яригдаж байгаа боловч гол нь хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой юм. 

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, зэс хайлуулах үйлдвэр барихыг Засгийн газрын зүгээс хориг, хязгаарлалт тавиагүй. Харин хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагч одоогоор гарч ирээгүй байгаа. Тиймээс Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барих тухай заалтыг 2018, 2019 оны үндсэн чиглэлд тусгаж болох юм гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ. 

850 мянган хүний асуудал яригдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэг хувийн биелэлттэй хоёр асуудлыг хөндлөө. Нэг нь Жижиг дунд үйлвэрийг дэмжих төв байгуулах, нөгөө нь Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай юм. 

Тэрээр ЖДҮ-ийг дэмжих төв нь агентлагийн статустай байх ёстой бөгөөд 850 000 хүний тухай бизнес, амьдрал, амьжиргаатай холбоотой асуудал гэдгийг тодотголлоо. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүн одоо ЖДҮ-ийг дэмжих сан гэж бий. Тус сангаар дамжуулж ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байна. 2016 оны үндсэн чиглэлд таван төв байгуулна гэж тусгасан ч Баянхонгор аймагт нэг л төв байгуулжээ. Эдийн засгийн хүндрэлээс болж, үлдсэн дөрвөн төвийг байгуулах боломжгүй байна. 

Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд төсөв хуваарилагдаагүй учраас мөн л гацсан бөгөөд одоогоор Японы талтай хамтран менежментийг боловсронгуй болгох төсөл хэрэгжиж байгаа юм. 

Малаа эрүүлжүүлээгүй байж махны экспортын тухай яриад хэрэггүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тухайд 100 000 тн мах экспортолно гэсэн зорилт тавьсан боловч 9 000 тн мах экспортолсныг эрс шүүмжиллээ. Тэрээр махны экспортыг нэмэх чиглэлээр ямар бодлого барьж байгаа талаар Засгийн газраас тодрууллаа. 

100 000 тн экспортлох гэдэг нь өмнөх Засгийн газраас тавьсан тоо гээд малын гаралтай өвчнийг шийдээгүй тохиолдолд махны экспортыг ярих боломжгүй. Нөгөө талаас бэлчээрийн даацаас шалтгаалан тоо биш чанарыг эрхэмлэе гэсэн зарчим баримталж байгаа гэж ажлын хэсэг хариулсан юм. 

УИХ-ын гишүүн О.Батнасан сэргээгдэх эрчим хүч тэр дундаа баруун бүсэд усан цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ. Одоогоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн явц 10 хувьтай байгаа. Төслийн нэгж байгуулагдсан, Япон, Солонгосын хувийн компаниуд өөрсдийн санаачлагаар ТЭЗҮ хийжээ. 

10 сая малыг хөлөөр нь гаргах боломж бий юу?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2016 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь судалгаа тооцоо муутай байсан учраас биелэлт хангалтгүй гарсан гэж үзэж байна. Тиймээс 2018 оны үндсэн чиглэлийг батлахдаа олон талаас нь нухацтай авч үзэх ёстой гэв. 

Хөгжил гэдэг бол нарийн төлөвлөлт. Төлөвлөлт нь төрийн зохицуулалтаар явдаг гээд шинжлэх ухааны үндэстэй, дэлхийн чиг хандлага, өөрийн орны онцлог, алдаан дээрээ суурилж үндсэн чиглэлээ батлах хэрэгтэй гэж хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гурван улсын хөгжлийн коридорын асуудлыг хөндлөө. Мөн хуурай сүү, мах, ноолуурын үйлдвэрүүдийг барих ёстой гэв. Тухайлбал, ноос ноолууын салбарыг хөгжүүлснээр нийт дүнгээр 2,5 их наяд төгрөг олох, 10 сая малыг хөлөөр нь гаргахад 1 их наяд төгрөг босгох зэрэг боломж байна гэж Ж.Бат-Эрдэнэ үзэж байна.  

Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, хурдын зам барих асуудал яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байгаагаар хуурай сүүний төслийн тоног төхөөрөмжийг захиалгаар хийж байна. Мах экспортыг нэмэгдүүлэхийн тулд Малын эрүүл мэндийн тухай хуулийн төслийг баталж, малыг эрүүлжүүлэх хэрэгтэй.

Ноос ноолуурын үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас өгсөн зээлийгн хугацааг сунгасан бөгөөд Говь ХК 100 000 пальто үйлдвэрлэж экспортлохоор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах явц хэр байгаа талаар тодруулсан. Тэрээр энэ бүс нутагт орон сууцны хороолол барих төсөл хэрэгжиж байгаа бололтой. Ерөнхий төлөвлөгөөний дагуу л орон сууцны хороолол барих тухай асуудал яригдана шүү дээ гэв.