2009.06.23

Багийн эмч нарыг сургалтад хамруулна

УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Виват Рожанапитаяакорнийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр ДЭМБ-аас монголд явуулж байгаа үйл ажиллагаа болон цаашид эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын НББСШУБХ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Хүн амын нөхөн үржихүйн хүрээнд хөдөөд багийн эмч дутагдалтай байгаа, үндэсний эмийн бодлого алдагдаж эмийн импортод тавих хяналт сул, хүнсний аюулгүй байдал ихээр алдагдаж хуурамч хүнсний бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүй гар дээрээс худалдаалж байгаад сэтгэл эмзэглэж явдгаа Байнгын хорооны дарга онцолж, энэ тал дээр төрийн бодлого, зохицуулалт хийж эрх зүйн зөв голдрилд оруулах шаардлагатай байгааг хэлээд энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр, сургалт, семинар зохион байгуулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн сургалтад хамрагдаж чаддаггүй, чагнуур, даралтын аппаратаас өөр багажгүй, унаа, хөсөг муутай багийн эмч нарыг нийслэлд болон бүсчилсэн хэлбэрээр богино хугацааны сургалт, семинарт хамруулж тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсох нь цаашдын ажилд ихээхэн үр дүнтэй болохыг онцоллоо.

Ноён Виват Рожанапитаяакорн байнгын хорооны даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, багийн эмч нарын богино хугацааны сургалтыг бүсчилсэн хэлбэрээр, үе шаттай явуулах боломжтой гэлээ. Түүнчлэн дээр яригдсан асуудлуудын хүрээнд ДЭМБ тодорхой ажлуудыг хийж байгааг дурдаад, цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах, мэргэжилтэн, экспертүүдийг ирүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтойг хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.