Хамгийн хурдтай гишүүн, хамгийн хурдан батлагдсан хууль
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.05.12

Хамгийн хурдтай гишүүн, хамгийн хурдан батлагдсан хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Учрал энэ хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын санал гаргаж, дэмжигджээ. 

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар нар санал хэлсэн. Ийнхүү байнгын хорооны горимын саналаар санал хураахад 46 гишүүн оролцож, 69,9 хувийн саналаар санал дэмжигдсэн. 

Маш яаралтай, хурдацтайгаар боловсруулж, өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн, батлуулсан хуулийн төсөлд яах аргагүй тооцогдох энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг нилээд маргаан, шүүмжлэл дагуулсан. 

Хууль санаачлагч уг хуулийн төслөө 40 хоногийн хугацаанд өөрийн болон УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулснаас гадна мэргэжлийн байгууллага, ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан гэж тайлбарлав.

Иймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтад 46 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрч, 73,9 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн төсөлд дараах онцлог нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газраас боловсруулж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан 6 аргачлалаар боловсруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн эсрэг заалт болж байна гэж зарим гишүүн шүүмилж байгаа. 

Татвар, нийгмийн даатгал зэрэг тодорхой салбарын хоорондын уялдааг хангах багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлдэг байсныг хууль санаачлах эрх бүхий гурван субъектийн аль нь ч санаачилж болохоор заажээ. 

Хууль тогтоомжийн тухай хуульд батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг жил тутамд үнэлгээ хийх байсныг таван жил болгон өөрчилсөн байна. 

Энэ мэтчилэн хуулийн дэвшилтэт агуулга, зүйл заалтыг өөрчилсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан. Гэвч эцсийн бүлэгт 70 орчим хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төслийг батлав.