Номтойбаяр.Н Цогзолмаа.Ц Г.Тэмүүлэн 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Г.Тэмүүлэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох төвийг бий болгоё

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.  

Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд төр засгийн анхаарлыг хандуулах зайлшгүй хэрэг юм. Өнөөдөр хүн бүр тэгш эрхээр хангагдах эрхтэй. Өнөөдөр бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төр засгийн бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Монгол хүн бүр өнөөдөр ажлын байраар хангагдах, чанартай бололвсрол эзэмших хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр авсан судалгаагаар улсын хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тал орчим хувь нь суралцах боломжоор хангагдаж байна. Нөхөн сэргээх төвийн эмчилгээнд хамрагдах боломжтой байна гэсэн судалгаа гарсан байна.

Би өнөөдрийн орж байгаа тогтоолын төсөл дээр тодорхой саналуудыг оруулж өгье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад тэгш боломжийг олгох үүднээс аймаг дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран сувилах төвүүдийг байгуулах арга хэмжээг авах гэсэн асуудлыг оруулж өгье. Болж өгвөл энэ чиглэлийн цэцэрлэгүүдийг бий болгоё. Ингэж байж тэдгээр хүүхдүүдийг асарч хамгаалж байгаа аав ээжүүд маань өөрсдөө хөдөлмөр эрхлэх боломжтой болж өгч байгаа юм.

Хоёрт Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэргэжил эзэмших тэгш эрх хангагдахгүй байгаа юм. ажил төрөлтэй хүн байя гэвэл мэргэжилтэй байх ёстой. Энэ бол зарчмын асуудал. Гэтэл улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 52 төв байхад хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сургалтын орчин, хөтөлбөртэй газрууд хангалттай бус байна. Ганц нэг ангиуд байгаад байна. Дээрх төвүүдэд тулгамдаж буй асуудал нь боловсрол олгох орчин нь бүрдээгүй байна. Багш нар нь тэд нартай харилцах, ажиллах ур чадвар суугаагүй байна. Сургалтын тусгай материал байхгүй байна. Үүнээс болоод мэргэжил эзэмших боломж байхгүй байсаар байна.

Миний санал бол эдгээр 52 төвийн Нэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулмаар байна. Мэргэжил сургалтын тусгай сургууль байгуулья гэсэн санал оруулж байна. Энэ боломжтой юу? Гурав дахь санал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хангах хэрэгтэй.

ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулиар хүүхдийн эрүүл мэнд боловсролын нийгмийн хамгааллын комисс байгуулагдсан. Энэ комисс гурван хүний бүрэлдэхүүнтэй хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна. Үүнийг дагаад үндэсний зөвлөл бий болоод ерөнхий сайд даргаар нь би дэд даргын үүргийн хашиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд үүсээд байгаа асуудлын хүрээнд өргөн хэлэлцүүлгийг хийж гарсан саналуудын багцлаад өнгөрөгч 4 сард засгийн газрын хуралдаанаар оруулж тодорхой чиглэл шийдвэрийг гаргаад ажиллаж байгаа.

Гишүүний асуусан нэгэн чухал асуулт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Үүнийг шийдвэрлэх үүднээс бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог мөнгийг хоёр ангилалаар олгож эхлэсэн нэг нь юу гэхлээр бизнесийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар мэдлэг мэдээлэл шаардлагатай тэр бүгдийг бизнес бойжуулалтын үүднээс санхүүжүүлэх эх үүсвэр энэ нь эргэн төлөгдөхгүйгээр олгогдож байгаа. 

Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уяалдуулж тодорхой хөнгөлөлттэй нөхцлөөр итгэлийн зээлийг олгож эхлэсэн байгаа. Эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуримтлалын санг бий болгоё. Мөн азийн хөгжлийн банкнаас өмнөх засгийн газрын хувьд авахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгийг бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглүүлнэ.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Г.Тэмүүлэн гишүүний саналууд маш чухал саналууд байна. Хөгжлийн өэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургалтын төвийг бий болгох боломжтой гэж сайд хэлж буйд талархалтай байна. Би нэг зүйлийг нэмээд хэлэхэд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу хүүхдүүдийн асуудал нэг яамны  дагнасан асуудал биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, асрах, халамжлах нь эрүүл мэндийн яам, халамжийн асуудал хүн ам нийгмийн хамгааллын яам, боловсрол сургалтын орчин боловсролын яам гэх мэтээр гурван яам хоорондоо зайлшгүй уяалдаатай ажиллах шаардлагатай юм. Ингэж байж энэ асуудал цогцоороо шийдэгдэх юм.