2017.05.12

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндлөө.

С.ЧИНЗОРИГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД НИЙГМИЙН АМЬДРАЛД ТЭГШ ОРОЛЦОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Одоогийн орж ирж буй тогтоолын төсөл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой, тэдний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал түлхүү орсон байна. Нэгэнт тогтоол гаргаж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн асуудлыг хөндөх нь зүйтэй.

Зөвхөн хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудал биш нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэжмийг нэмэгдүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Бие даан амьдрах чадваргүй, өөрийнхөө амьдралыг бусдын дэмжлэггүйгээр авч явж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмж нь амьжиргааны түвшингээс доогуур хэмжээнд байгаа.

Бага хэмжээний тэтгэвэр, тэтгэмж өгчихөөд бие даан амьрах чадваргүй иргэдийг энгийн амьдралаар амьдар гэж хэлэх ёсгүй.

Тиймээс цаашдаа халамжийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг ярихдаа амьжиргааны түвшингээс дээгүүр тогтоодог байх, ядаж өөрийнхөө амьдралыг хэвийн хэмжээнд авч явах боломж олгох зарчмаар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжихтэй холбоотой асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд хэнээс ч дутахгүй тэгш оролцох нөхцөл боломжийг нь хангаж өгнө. Ялангуяа нийгмийн амьдралд оролцох шаардлагатай байгаа дэд бүтцийг бий болгох ёстой гэж олон жилийн туршид л ярьлаа. Гэтэл орон нутагт битгий хэл Улаанбаатар хотдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөл байдлыг бий болгож чадахгүй байна. Тиймээс дэд бүтцтэй холоотой асуудлыг энэ тогтоолд тусгах хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль, цэцэрглэгт хамруулан хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр энгийн хүүхдүүдтэй нэг дор сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тусгаарлаад байх тусам зожигроно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их зовлон бий.

Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад өөрөө ажил хийх боломжгүйгээс гадна асар их сэтгэл санааны дарамтанд байдаг.

Нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөр өөрийн онцлогтой байдаг. Миний баримжаагаар хөгжлийн бэрхшээлийн төрлөөс хамаараад нийтдээ 30 гаруй төрийн бус байгууллага бий. Эдгээр байгууллагыг чадавхжуулах талаас нь төрөөс онцгой хамаарах хэрэгтэй.