Цогзолмаа.Ц 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Транс тосны хүчил ашиглахыг хориглолоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажлын хэсгийн ахлагчийн хувиар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаа учраас батлахаар санал хураахад 68,9 хувийн дэмжлэг авч батлагдсан юм. 

Уг хууль нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжин, нялх, балчир хүүхдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чиглэж байна. 

Хуульд нялх гэж нэг хүртэлх насны хүүхдийг, балчир гэж гурав хүртэлх насны хүүхдийг тодорхойлж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй нэг хэсэг бөгөөд монгол хүүхэд бүрийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сартайгаас нэмэгдэл хоолонд оруулах, хоёр нас хүртэл нь тасралтгүй хөхүүлэх тухай асуудлыг хуульчилжээ. 

Эх нь нас барсан, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд эхийн сүүгээр хооллох боломжгүй болсон, эхийн сүүний нөөцгүй болсон тохиолдолд нялх, балчир хүүхдийн сүүн тэжээлийг эмчийн заавраар хэрэглэж болно гэж хуульд заасан байна. 

Ингэхдээ хүүхдийн сүү, сүүн тэжээл, бусад хүнсний бүтээгдэхүүний найрлага, шошгонд тавих хяналтыг өндөржүүлжээ. Тухайлбал, 

Зургаа буюу түүнээс дээш сартай хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад зөгийн бал болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно.

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тосны хүчил, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эдийг ашиглахыг хориглоно.

Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно зэрэг онцлох заалтыг дурдаж болох юм. 

Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгон дээр "Эхийн сүүг агуулаагүй, эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн" гэсэн санамжийг байршуулах ёстой гэж хуульчиллаа. 

Мөн нялхсын эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлийн сав, баглаа, боодол, шошгын нүүрэн хэсэгт ямар өвчин, эмгэгийн үед хэрэглэх гэдгийг тодорхой тайлбарлан "Эмчийн хяналтан дор хэрэглэ" гэсэн анхааруулгыг заавал хадах юм. 

Хамгийн чухал нь нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлага, шимт бодисын мэдээлллийг сав, баглаа, боодол, шошгонд байршуулах, ингэхдээ монголоор бичнэ гэж хуульд заажээ. 

Хуульд нялх, балчир хүүхдэд зориулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн, хооллох хэрэгслийг сурталчлахдаа ч тодорхой шалгуур шаардлагыг хангах тухай оруулсан байна. Тухайлбал, 

Хуулийн этгээд нь эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдах, дараах ажил үйлчилгээг хэрэгжүүлэхийг хориглоно гэж заажээ. 

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай асуудлыг хуульчилж байгаа гэдэг утгаараа төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллага, ажилтан, хувь хүний үүрэг хариуцлагыг ч орхигдуулсангүй. 

Эцэг эхчүүд хүүхдийн үндсэн эрхийг дээдлэн хүүхдээ эхийн сүүгээр болон хөгжлийн онцлогт нь тохирсон, тэжээллэг,  эрүүл хоол хүнсээр хооллож тэднийг эсэн мэнд, эрүүл бойжих, хөгжих боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Мөн нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний  зохисгүй зар сурталчилгаа болон энэ хуулийг зөрчсөн үйлдлийг арилгуулахаар холбогдох төрийн байгууллагад  мэдэгдэх юм. 

Хуулийн төсөлд нялх, балчир хүүхдэд зориулсан импорт, экспортын бүтээгдэхүүн гэж тусгайлан заагаагүй учраас гадаад, дотоодын үйлдвэрлэгчээс үл хамаарч уг хуулийг дагаж мөрдөнө гэж ойлгогдов.