Баасанхүү.О Энхбаяр.Б 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Гадаадын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаадын тагнуулын албанд задрууллаа гээд эх орноосоо урвасанд тооцохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.11/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Тагнуул хийх, төрийн нууцыг задруулах зэрэг гэмт хэргийг эх орноосоо урвасан гэмт хэрэгт тооцсонгүй, тооцох ёстой гэж үзэж байгаа юм. 

Тэгвэл үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр түүнийг цуурхал дэгдээж байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалтыг гаргаж тавьсан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн үзэж байгаагаар орчин үед дайны цаг, дайн бүхий байдалд дайсны талд орно гэж байхгүй учраас эх орноосоо урвах гэдэгт тагнуул хийх, төрийн нууц задруулах зэргийг оруулах ёстой гэв. 

Талуудын байр суурьтай холбогдуулан 2002 онд батлагдсан, 2017 оны 6 дугаар сарын 30 хүртэл хэрэгжих одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль болон 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг харьцуулан харав. 

2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 14 дугаар бүлэг, 2016 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг нь "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" гэсэн бүлэг юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэгт 13 зүйлийн гэмт хэргийг дурдсан бол энэ оны 7 дугаар сараас хэрэгжих хуульд 17 зүйлийг дурдсан юм. 

Энэ хоёр хуулийн "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" бүлгийн аль алинд "Эх орноосоо урвах" гэсэн зүйл байна. Гэхдээ агуулгын хувьд өөрчлөгджээ.

"Эх орноосоо урвах" зүйл заалтыг яаж өөрчилснийг харьцуулан харъя

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд "Эх орноосоо урвах" гэдэгт гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол... гэж заасан байдаг бол Шинэчилсэн хуульд дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол гээд бусад тохиолдлыг хасчээ.

2002 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд

Эх орноосоо урвах: Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

2015 онд батлагдсан, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх хуульд

Эх орноосоо урвах: Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт хадлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Legalinfo.mn

Шинэчилсэн хуульд, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, экстремист үйл ажиллагаа явуулах, төрийн нууцыг хууль бусаар олж авах, хууль бусаар иргэний харьяалал олж авах, хууль бусаар газар орны нэр өөрчлөх зэрэг одоогийн хуульд байхгүй шинэ зүйл оруулсан байна. 

Ингээд Эрүүгийн хууль санаачлагч Засгийн газар "Эх орноосоо урвах" гэдэг томьёоллыг хэвээр үлдээж, тагнуул хийх, төрийн нууц задруулах зэргийг тусад нь авч үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д заасан "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" бүлгээс зарим зүйл заалтаас хүргэе. 

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах: Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.

Зэвсэгт үймээн дэгдээх: Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, иргэний дайн өдөөх зорилгоор зэвсэгт үймээнд бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Үндэсний эв нэгдлийг бусниулах: Хүмүүсийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тагнуул хийх: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тагнуул хийх гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Төрийн нууцыг хууль бусаар олж авах: Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Төрийн нууцыг залруулах: Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг үйлдэж, төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.