Японы “Аояма Гакүин” Их сургуулийн доктор Кен Мацузава Отгонтэнгэр Их сургуулийн Хүндэт доктор боллоо
2009.08.12

Японы “Аояма Гакүин” Их сургуулийн доктор Кен Мацузава Отгонтэнгэр Их сургуулийн Хүндэт доктор боллоо

Олон улсын найрамдал солилцооны зөвлөлийн дэд тэргүүн К.Мацузава тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Отгонтэнгэр Их сургуульд зочилж багш оюутнуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


Энэ арга хэмжээний үеэр төлөөлөгчдийн тэргүүн “Аояма Гакүин” Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга К.Мацузавад Отгонтэнгэр Их сургуулийн Хүндэт доктор цол, өргөмжлөл гардууллаа. Хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш оюутнуудаас өөрийн сургуульд сургах, харилцан бие биенээсээ туршлага судлах гэх мэт олон асуудлаар хамтран ажиллах боллоо.

Монголын эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр судалгаа хийж, нийгмийн янз бүрийн салбарт харилцан санал бодлоо солилцож харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийг эрж хайх зорилгоор энэ удаа Японы их, дээд сургууль, боловсролыг дэмждэг байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчилж байгааг ноён К.Мацузава онцлов. Тэрээр хоёр орны соёл, боловсролын салбарын хамтын ажилагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, энгийн ард түмний харилцааг сайжруулан хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлж байв.


“Олон улсын найрамдал, солилцооны зөвлөл” нь Япон улс болон гадаадын бусад улс орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор 1983 онд үүсэн байгуулагдсан ашгийн бус нийгэмлэг юм. Токио хотод төвтэй, Нагоя, Кобэ хотуудад тус тус салбартай, нийт 1500 гаруй гишүүн байгууллагуудтай.

Уг зөвлөл нь Японы томоохон хувийн хэвшлийнхэн, судалгааны төв, их сургуулиудыг гишүүндээ нэгтгэсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, төр, засгийн газраас баримтлах гадаад бодлогыг ард иргэдэд таниулан сурталчлах, гадаад бодлого боловсруулалтад иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн үзэл бодлыг тусгах, гадаад бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн гишүүн байгууллага, компаниудын хүний нөөц, боловсон хүчний хөгжилд анхаарч, энэ чиглэлээр солилцоо, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.

“Олон улсын найрамдал, харилцааны зөвлөл” нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Японоос монгол руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, семинаруудыг санаачлан зохион байгуулж, эдгээр арга хэмжээнүүдэд 500 гаруй компаниудын төлөөллийг хамруулж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.