Шүүх хурлыг хэзээ хаалттай, хэзээ нээлттэй явуулах тохиолдлыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй гэв
2017.05.12

Шүүх хурлыг хэзээ хаалттай, хэзээ нээлттэй явуулах тохиолдлыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн эхний хэсгийг үдээс өмнөх хуралдаанаар хийсэн бол үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, санал хураалтын үеэр УИХ-ын гишүүд үг хэлж байна. Байнгын хорооны дэмжсэн 79 санал, дэмжээгүй 5 саналаар санал хураах юм. 

Хуулийн төсөлд иргэний нэхэмлэгч, иргэний хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж тусган, гэрч, хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. 

Мөн зорчих эрхийг түр хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялтай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг "Хязгаарлалт тогтоох" гэж өөрчилсөн байна. 

Шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг шинээр нэмж, сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөхөөр төсөлд тусгажээ.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бүх хэрэгт заавал хийхээр тусгасныг өөрчилж, талуудын хүсэлтээр эсвэл шүүхийн санаачилгаар хийхээр тусган, яллагдагчийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг төсөлд нэмсэн юм. 

Гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг шүүх, прокурорын дуудах хуудсаар ирүүлэхээр тусгасан дээр нэмж, дуудан ирүүлэх эрхийг мөрдөгчид олгоно гэж заажээ. Гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчлөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд л хийхээр, мөн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр нэмж тусгасан байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэг, зарчмын зөрүүтэй саналаар санал хураах явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  онцлох байр суурь эзэлж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар саналыг дэмжих, дэмжихгүй тухай байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, 

Хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэж, онц ноцтой гэмт хэрэг үйлдээд гадаад руу оргон зайлсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа буцаад ирвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр тэр хүнийг яллахгүй байж болохгүй гэж үзлээ. 

Мөн шүүх хурлыг хэзээ хаалттай, хэзээ нээлттэй хийх тохиолдлыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй гэдгийг ч хэлсэн юм. Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгчдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэсэн заалтыг өөрчлөхийг Ц.Нямдорж хүссэн юм. Тэрээр энэ бол тангаргийн шүүхэд үйлчилдэг зарчим. Тиймээс эх газрын эрх зүйн системтэй улсад уг зарчим үйлчилдэггүй гэлээ.