Нямбаатар.Х 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Маргааныг шийдэхдээ шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шууд шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг Монголын хууль зүйн орчинд тохирохгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ц.НЯМДОРЖ: МОНГОЛД ТАНГАРАГТНЫ ШҮҮГЧ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэсэн байх юм. Энэ бол эх газрын байцаан шийтгэх ажиллагаанд байдаггүй зарчим.

Тангарагтны шүүхийн зарчим байдаг. Тангарагийн 12 шүүгч гэм буруутай гээд санал хураагаад далд шийдвэрээ гаргадахаар мэргэжлийн шүүгч ялыг нь өгдөг систем далайн орнуудад л байдаг. Монголд тангарагийн шүүгч гэсэн ойлголт байхгүй. Үүнийгээ зас.

Бүрэлдэхүүн ижил байж нэг л ял өгөх учраас нэг л шүүх хуралдаанаар дуусна. Тангарагийн шүүхтэй болох хууль гарсан тохиолдолд л ийм өөрчлөлт хий.

Х.НЯМБААТАР: ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛСАН

2015 онд батлагдсан хуулийн төсөл, Хууль зүйн яамнаас сая орж ирсэн төслөөр 3 шүүх хуралдаанаас бүрдхээр байсан. Бид ярилцаад шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчим, эх газрын эрхзүйн систем зэргээ харгалзаад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үе шатыг урьдчилан хэлэлцүүлэг болгож, 17 баримт сэлтийг тогтоох ажиллагаа явуулна.

Анхан шатны шүүхийн хэрэг маргааныг шийдэхдээ нэг бүрэлдэхүүнээр шууд шийдье гэж ажлын хэсэг дээр ярьсан. Эрүүгийн хуулинд хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлүүдээр эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэлүүд орж ирсэн учраас энэ боломжийг олгох үүднээс маргаагүй тохиолдолд үргэлжлүүлж явах, маргасан тохиолдолд 2 удаа зөвлөлдөх тасалгаанд ордог заалтыг авч үлдэх зохицуулалт орж ирсэн.

Ц.НЯМДОРЖ: НЭГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР 2 ШҮҮХ ХУРАЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Энэ бол үндсэн хуультай шууд зөрчилдсөн заалт. Манай улсын үндсэн хуульд иргэдийн төлөөлөгч гэсэн ойлголт байдаг. Гэм буруугийн асуудал энэ хүмүүст холбоотой асуудал. Нэг бүрэлдэхүүнээр 2 шүүх хурал хийнэ гэж байхгүй. Будлиантай болж ирнэ. Үүнийг байнгын хороон дээр ярих хэрэгтэй. Тангарагтны шүүхийн ямар ч элементийг 1992 оны Үндсэн хуульд оруулаагүй. Үүнийг яаж ч болохгүй.