Цогзолмаа.Ц 2017.05.15 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

“Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн боллоо

“Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн боллоо

“Олон улсын сувилагчийн өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улс энэ жилийн сувилагчийн өдрийг “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн Соёлын төв өргөөнд болж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй зочид, алтан гарт сувилагчийн төлөөлөл нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм.

Зөвлөгөөнөөр нийслэлд эрүүл мэндийн эрүүл мэндийн салбар, үүнд сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдэж байгаа ажил, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцэнэ. Мөн тэргүүлэх мэргэжилтнүүд, сувилахуйн тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлага, ёс зүйн харилцааны асуудлаар мэдээлэл өгөх юм.

Хотын дарга С.Батболд зөвлөгөөний эхэнд нийслэлийн иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсдог сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд баярын мэнд дэвшүүлэн, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тэрбээр нээлтийн үгэндээ “Эрүүл мэнд хувь хүний төдийгүй улс орны хамгийн үнэт зүйл гэж би боддог. Иймээс хувь хүн өөрөө ч төр засгийн зүгээс ч эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны хөтөлбөрт иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилго тавьж, 4 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого зэрэг эрүүл мэндийн үндэсний болон салбарын бодлоготой уялдуулж, нийслэлийн онцлог эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн 2017-2020 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж, НИТХ-аар батлуулах гэж байна. ТУс хөтөлбөрт сувилахуйн тусламж, үйлчилгээний ололт амжилтыг батжуулж, боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт арга барил, техник технологийг нэвтрүүлэх болон бусад зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энд ирсэн та бүхний оролцоо чухал билээ. ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шилдэг сувилахуйн тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдааныг зарлан дүгнээд байна. Өнөөдрийн зөвлөгөөний үеэр болзолт уралдаанд шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.