2017.05.15

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг хэн томилох вэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Тэрээр Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу боловсруулсан хуулийн төсөлдөө иргэн, хуулийн этгээдээс санал авч байна. 

2012 оны 5 дугаар сарын 9-нд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд батлагдаж, дүүргийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлдөг болсон.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйл "Аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх" гэсэн хэсэгт "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасан байдаг.

Энэ заалтыг мөрдлөг болгон хамгийн сүүлд буюу 2017 оны  4 дүгээр сарын 26-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 29 дүгээр сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан төсөлд ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлж байхаар тусгасан байна.

Ингэхдээ Боловсролын тухай хуульд заасан дээр дурдсан 30,1,15 дахь заалтыг хүчингүй болгож, оронд нь хуулийн  31 дүгээр зүйл "Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх" гэсэн хэсэгт яг ийм агуулгатай шинэ заалт нэмнэ гэжээ.  

Уг хуулийн төсөл батлагдсанаар нэг талаас дүүргийн Засаг даргын эрх мэдэл нэмэгдэж байгаа боловч нөгөө талаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг Засгийн даргын үйл ажиллагаатай шууд холбож, иргэд тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхэд ойр дөхөм болно гэж тайлбарлаж байна.

Хуулийн төсөл батлагдвал,  

- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн дүүргийн Засаг дарга томилно.

- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилоход аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэнэ.

- Үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлнө.