Сандагсүрэн.Ж Оюунчимэг 2017.05.02 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх зөв сувгийг олж харахад нь тусална

Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх зөв сувгийг олж харахад нь тусална
Сонгонихайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар

Дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, СХД-ийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр СХДүүрэг, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийг Сонгонихайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үзэглэв. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал СХД-т үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зуучилж арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн судалгаа хийх, хүний нөөцийг хөгжүүлэх  зэрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ.

Мөн талууд бизнес эрхлэгчдэд шинэ технологи, тоног төхөөрөмжийн мэдээллийн дэмжлэг үзүүлэх, гадны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгэд зуучлах үйлчилгээ үзүүлэх, МҮХАҮТ-ын дүүрэг, орон нутагт ажиллах нөхцөл бололцоог дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх байр танхим, шаардлагатай техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн ажлуудад хамтран ажиллахаар тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллана

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг:
МҮХАҮТанхим Баянхонгор, Увс аймгуудын засаг дарга нартай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бизнесийг өргөжүүлэх, танхимын үйлчилгээг хүргэж ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгтэй дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллахаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, том компаниудад зуучилж өгөх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтгээдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчилах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах чиглэлээр хамтран ажиллах гэж байна. Мөн дүүргийн бизнес эрхлэгчдийг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, тус байгууллагуудтай холбож өгөх, бизнесээ өргөжүүлэн томруулахад гүүр нь болж ажиллана.

Дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно

Сонгино хайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн:
Өнөөдрийн хамтын ажиллагааны гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтаа сайжруулах, сав баглаа боодол, бүтээгдэхүүний нэр төрлөө сайжруулахад нь зөв сувгийг нь олж өгөх явдал. Мөн танхимаас үзүүлж байгаа 64 нэр төрлийн үйлчилгээг дүүргийн бизнес эрхлэгчдэд хүргэн тэдгээрт хэрэгцээтэй бизнесийн сургалтуудыг авч, гадаад дотоодын уулзалт, үзэсгэлэн форумд оролцуулан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана. Мөн дүүргийн брэнд бүтээгдэхүүн гаргах боломжтой хэд хэдэн компаниудын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах,  бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн, уулзалт, бизнесийн салбарт ажиллагсдыг шагнаж урамшуулах зэрэгт танхимтай  хамтран ажиллана.